МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баярсайхан: Салбар болгон хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавихаа илэрхийлж, хүүхдүүдийн өмнө амлалт өгсөн
2022.05.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Б.Баярсайхан: Салбар болгон хүүхдийн эрхийг нэн тэргүүнд тавихаа илэрхийлж, хүүхдүүдийн өмнө амлалт өгсөн

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын асуудалд анхаарал хандуулан идэвх санаачлагатай ажиллаж байгаа гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Б.Баярсайхантай ярилцлаа.

УИХ-ын гишүүн таны санаачилгаар хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулган сая зохион байгуулагдлаа. Чуулганы гол үр дүн, ач холбогдол юу вэ?

“Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын бүх яамд, 21 аймаг, нийслэлийн удирдлагын төлөөлөл, Нэгдсэн үндэстний байгууллагын суурин төлөөлөгч, ТББ, багш, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцож, хүүхдийн эрхийн хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж, улмаар цаашид хэрэгжүүлэх чиглэлээ гаргасан. Салбар болгон хүүхдүүдийн өмнө амлалт өглөө.

"Хүүхдэд ээлтэй Монгол" үндэсний чуулган боллоо

Тухайлбал, салбар болгон хүүхдийн эрхийг нэн тэргүүн тавихаа илэрхийлж, хэд хэдэн асуудлаар саналаа нэгтгэн хамтарч ажиллахаар болсон нь энэ үндэсний чуулганы нэг том үр дүн юм.

Нэгдүгээрт, УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх асуудлын жагсаалтад хүүхэдтэй холбоотой асуудлыг нэн тэргүүнд анхааран шийдвэрлэдэг байх;

Хоёрдугаарт, Санхүүгийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч насанд хүрэгч хэн бүхэн “хүүхдийн дээд ашиг сонирхолыг” хангасны дараа бусад ашиг сонирхлын асуудлыг шийдвэрлэж байх;

Гуравдугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3-д заасан “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлэх” үүргээ биелүүлэхээ амлалаа.

Энэ бол “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулганы бас нэг томоохон үр дүн юм.

Та хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулан ажиллаад 10 гаруй жил болжээ. УИХ-ын гишүүн болоод ч энэ ажлаа тууштай үргэлжлүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

Хүүхэд хамгаалал бол нарны цацраг мэт олон асуудлыг багтаадаг. Хүүхдийн эрх, хөгжил, хамгаалал гэхээр хойд аавдаа хүчирхийлүүлж, зодуулсан хүүхдийг өмөөрч хамгаалах асуудал биш. Харин Монгол Улс ирээдүйд хэнд улс үндэстнээ даатгаж орхих гэж байна. Манай улсыг цааш нь хэн, хэрхэн авч явах вэ гэдэг том асуудал яригдаж байгаа юм. Хүний амьдрал маш богинохон, тэр дундаа албан тушаалын хугацаа бүүр богинохон энэ хугацаанд үр дүнтэй ажиллахаар хичээж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан эдгээр асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.

Би УИХ-ын гишүүн болсны дараа хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудлыг яриагүй. Эх хүн, эмэгтэй хүний хувьд, нийгэмд тулгамдсан олон асуудлаар дуугардаг байсан. Олон жилийн өмнөөс “Үндэсний өгөх өдөр” хөдөлгөөнөөр дамжуулан "Нүдээ нээ", “Бид бүгдээрээ адилхан” зэрэг олон нийгмийн акцыг зохион байгуулж, хүүхдийн төлөө дуугардаг, хүүхэд хамгааллын ажилд санаа тавьдаг байсан. Иймд сэтгэл гаргаад зүтгэвэл бүтэхгүй ажил гэж үгүй. Хүүхдийн эрх, хөгжил, хамгааллын дараах тодорхой асуудлуудад анхаарал хандуулан ажиллаж байна.

Жорлонгийн асуудал: Боловсролын яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ажлын нэг. Хүний үндсэн эрхийн асуудал мөн ч 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа сум, орон нутагт модон жорлонгийн асуудлаа өнөөг хүртэл шийдэж чадаагүй л байна. Үүнээс болж хөдөө орон нутгийн хүүхдүүд шөнө, орой гарч бие засахаас айж, уух шингэнээ багасгадаг гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Энэ санаачилгын дагуу Засгийн газар асуудлыг шийдэж, “Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 819 сургууль, цэцэрлэг, дотуур байрны жорлонг шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаад талархаж байна. Гүйцэтгэл сайтай, чанартай хийж чадвал ажлын үр дүн гарна.

Хоолны шим тэжээлийн асуудал: Энэ ажлыг Төрийн нарийн бичгийн дарга байхдаа “Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгоё” гэж тухайн үеийн УИХ-ын гишүүдэд танилцуулж байсан. Гишүүдийн хувьд энэ асуудлыг ойлгож, дэмжсэнээр “Үдийн цай” хөтөлбөр, “Үдийн хоол” болж боловсролын салбарт зарцуулдаг төсөв хэдэн тэрбумаар нэмэгдсэнд талархаж явдаг юм. Гэхдээ хоолны шим тэжээлийн асуудлыг орхиж болохгүй. Сүүлийн 7 жилд монгол хүүхэд 7 дахин их таргалалттай болсон. Энэ сэдэвтэй холбоотой олон асуудлыг нухацтай ярьж, ажил хэрэг болгох хэрэгтэй. Хүүхдүүд бэлэн гоймон, чипс, гаазтай ундаа гээд шим тэжээлгүй, хоол хүнс маш их хэрэглэж байна. Зөв, зохистой хооллолтын талаар эцэг эхчүүдийн мэдлэг муу байгаа нь үүнтэй холбоотой.

Зан чанарын боловсрол: Боловсролын ерөнхий хуулийн зорилтод “Сайн зан чанартай” иргэнийг төлөвшүүлэх тухай заалтыг тусгахаар эрдэмтэн, судлаач, сэтгэл зүйч багш нартай хамтраад ажиллаж байна.

Хамтарсан багийн ажлыг үр дүнтэй болгох: Орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцдэг хамтарсан баг ажилладаг. Улсын хэмжээнд байдаг нийт 715 багт хүүхэд хамгааллын ажилд батлагдсан 8 тэрбум төгрөгийн дөнгөж 272 сая төгрөг хуваарилагддаг. Нэг хамтарсан багт жилд 387 мянган төгрөг хуваарилагддаг боловч үнэндээ очдоггүй. Бензин, бичиг цаасны зардалд зарцуулах төсөвгүй энэ хамтарсан баг сумын Засаг дарга, цагдаа, сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан гэсэн төрийн албан хаагчдаас бүрддэг. Завгүй төрийн албаны хажуугаар хүчирхийлэлтэй тэмцэж байгаа ийм бүлэг хүмүүсийн ажлыг хэрхэн үр дүнтэй болгох талаар нийгмийн ажилтнуудын эрх зүйн асуудлыг зохицуулсан Нийгмийн ажилтны тухай хуулийг өргөн барихаар ажиллаж байна.

Урлаг, спортоор дамжуулан хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх: Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 онд зорилтод хөгжлийн болон биеийн тамирын хичээлийн үнэлэмжийг өсгөх тухай заасан. Энэ хүрээнд улсын хэмжээнд бүх ЕБС, цэцэрлэгийг хөгжмийн болон биеийн тамирын хичээлийн хэрэгслээр хангах зорилтыг санаачлан оруулсан ч ковидын нөхцөл байдлын улмаас хэрэгжээгүй. Энэ ажлыг ирэх жил хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа. Хүүхэд урлагаар дамжуулан сайхан сэтгэлтэй, хүн чанартай болж төлөвшдөг. Спортоор хичээллэсэн хүүхэд зорилготой, тууштай, хат суусан зан чанартай болдог. Иймд улсын хэмжээнд биеийн тамир, дуу хөгжмийн хичээлийн үнэлэмжийг дээшлүүлэх ёстой.

Цахим орчинд хүүхэд хамгаалах асуудал: Хүн төрөлхтөн цахим болон бодит ертөнцөд зэрэгцэн амьдрах боллоо. Иймд цахим орчны харилцааг хуульчлах зайлшгүй шаардлага үүссэн. Томчууд цахим гадуурхлыг даваад гарч болно, харин хүүхдүүд үүнийг тэвчихгүй амиа хорлох хэмжээнд хүртэл хүндээр хүлээн авч байна. Бусад улс оронд “Цахим орчинд хүүхэд хамгаалах тухай” хуулиа баталсан байдаг. Манай улсын хувьд ч ийм хууль эрх зүйн орчин зайлшгүй шаадлагатай байгаа учраас миний хувьд хуулийн төслийг өргөн барихаар судалгааны ажлаа хийж байна.

Багш нар ёс зүйтэй байх хэрэгтэй. Хүүхдүүд ээж, ааваасаа илүү багш нараа сонсож, даган дууриадаг. Миний хувьд Төрийн нарийн бичгийн дарга байхдаа багш нар 1, 5, 10 жилд сургалтад суудаг багшийн ёс зүйн кредитийг оруулж өгсөн. Ер нь багш бэлтгэх тогтолцоондоо өөрчлөлт гаргах цаг болсон. Багш нар маань хэчнээн цалин багатай ажиллаж байгаа ч, хүүхдийг хайрлах ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүмүүс багш болдог, ийм тогтолцоо хэрэгтэй байна.

Монгол хүний ёс жудаг, ёс зүй зөв байх ёстой: Манай өвөг дээдэс гэр бүлийн хүмүүжил дээр маш их анхаарч, чухалчилж ирсэн. Гэтэл бид хүнээр хүн хийнэ гэдэг ардын уламжлалт ёс заншил, ардын ухаанаа орхигдуулсан. Сүүлийн 30 жилд бид мөнгийг нэн түрүүнд тавьж хүнээ мартсан. Иймд Монгол төрийн хар хайрцагны бодлогод хүний нөөцийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Монгол хүн хэзээ дэлхийд тэргүүлэх вэ, хэн байх вэ гэдэг нь өнөөдрөөс шалтгаална.

Та Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулсан Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа. Энэ ажлын хүрээнд, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна. Газар дээр нь нөхцөл байдал ямар байна?

Хүүхэд хамгаалалтай холбоотой ажил маань дөрвөн чиглэлээр явж байгаа. Нэг нь хүүхэд хамгааллын хуулиудын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг. Нөгөө нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хүүхдийн өмнө үүрэг хүлээгчид буюу салбар бүрийнхний зохион байгуулж байгаа хэлэлцүүлэг.

Гуравдугаарт, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хуулийн төслүүд санаачлан боловсруулж байна. Дөрөвдүгээрт, сая онцлон дурдсан хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн “Хүүхдэд ээлтэй Монгол” үндэсний чуулган. Эхний ээлжинд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зургаан жилийн өмнө батлагдсан Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь ажиллаж байна.

Ажлын хэсэг маань хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, хүүхэд, хөгжил хамгааллын зардал, төсвийн санхүүжилт ямар байгаатай танилцаж, мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг сонсож байна. Юун түрүүнд хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар ХЭҮК-т очиж мэдээлэл сонссон. 108 утасны төв, Хүүхэд хамгаалах түр байраар орлоо.

Өнгөрсөн 4-6 жил хүүхэд хамгааллын талаар хийсэн ажилтай холбоотой материалыг Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар зэрэг холбогдох байгууллагаас авч байна. Бид эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах боломж бололцоо байгаа, хүүхэд хамгаалалд дутагдаж буй үйл ажиллагаа, байгууллагуудын уялдаа холбоо ямар байгааг судалж санал дүгнэлт гаргах үүрэг хүлээж байгаа. Өнөөдөр хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн хандлага, сэтгэл зүрх хамгийн чухал. Гэтэл энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн байгууллагын хүмүүс мэргэжлийн биш, чадваргүй, сэтгэлгүй ажиллаж байна.

Газар дээр нь нөхцөл байдал хүнд, хангалттай биш байна. Манай улсад хууль эрх зүйн орчин бүрдсэн, төсөв мөнгө хангалттай тавьж байна. 2017 онд 900 сая төгрөг төсөвлөдөг байсан энэ салбарт 2022 онд 8 тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Миний хувьд хүүхдүүдэд зориулагдсан мөнгөнөөс хэн нэгэн хумсалж, хулгайлах ёсгүй гэсэн зарчим баримталдаг. Олон улсын байгууллагуудын гол зарчим нь хүүхдийн үйл ажиллагаанд зориулагдсан мөнгөний 90 гаруй хувь нь хүүхдүүддээ очдог. Үүнийг 3-5 орчим доллар нь захиргааны зардалд явдаг мөн 5-6 орчим доллар нь санхүүжилт босгоход зарцуулагддаг. Манай ажлын хэсэг хаврын чуулганы хугацаанд багтаан дүгнэлтээ гаргаж, УИХ-д танилцуулна.

Энэ хүрээнд хүүхэд хамгаалалтай холбоотой ямар, ямар асуудал хөндөгдөж байна вэ?

Өнөөдөр манай улсад хүүхэд нэн тэргүүнд анхаарах асуудал болоод байна. Улс орны баялаг бол уул уурхай, мал аж ахуй, эдийн засгийн хөгжил биш хүн юм. Гэтэл өнөөдөр 10 гаруйхан жилийн дараа энэ улсыг авч явах хүүхдийн хөгжил, хамгаалал үндэсний аюулгүй байдлын түвшинд хэлэлцэх хэмжээнд хүрчээ. Гэртээ бэртэж, гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч нас барж байгаа хүүхдийн тоо ковид цар тахлын үед 35 мянгад хүрчээ. 3 хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд өртөж байна гэсэн статистик судалгааг ХНХЯ-наас гаргасан байна. Энэ бол эцэг эхийн үүрэг хариуцлагатай шууд холбоотой.

Эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдэдээ тавих хараа, хяналт суларсантай холбоотой юу?

Үл хайхрах хүчирхийлэл гэдэг нь хүүхдийг хайхрахгүй, хараа хяналтгүй орхисноос үүдэлтэй. Хүүхдээ хайхраагүйгээс гар утсанд донтож, мансууруулах бодис хэрэглэж, буруу хүмүүстэй нийлж, сошиал орчинд гадуурхагдаж, өөртөө итгэлгүй болж, амиа хорлож байна. Хүнсний аюулгүй байдал, хөрсний бохирдлоос болоод хүүхдүүдийн дунд хорт хавдраар өвчлөх нь ихэслээ. Өсвөр насны охид үр хөндүүлэх тохиолдол нэмэгдэж, 2021 онд 564 охин үр хөндөлт хийлгэсэн гэсэн сэтгэл эмзэглүүлсэн тоо байна.

Төрийн байгууллагад хүүхэд гэмтвэл захирал, багш, ажилтан гээд бүгд хариуцлага хүлээдэг. Гэтэл гэртээ халуун тогоонд хүүхдээ түлсэн эцэг эхэд хүлээх хариуцлага гэж байдаггүй. Энэ бүхэн манай улс үр хүүхдээ анхаарах цаг болсныг харуулж байна. Бид сүүлийн 30 жил эдийн засгийн хөгжил, мөнгө ярьсаар байгаад ардын ухаан, уламжлалт өв соёлоо мартжээ. Хүүхдэдээ дуртай зүйлийг нь авч өгч, телевизээр дуртай бүхнийг нь үзүүлж байна. Зурагтаар хүчирхийлэл, мансууруулах бодис, согтууруулах ундаа, гэр бүлийн араар тавилт, хууралтыг харуулсан контент, газтай ундаа, согтууруулах ундааны сурталчилгааг олон жил үзлээ.

Хүүхэд харсан юмандаа итгэдэг. Зурагтаар хүүхэд юу үзэх ёстой, юуг үзэж болохгүй вэ гэдэгт бодлого, хяналт алга. Уг нь хүүхдийг сэрүүн байхад эрүүл мэндэд нь болоод хүмүүжил, төлөвшилд нь сөрөг нөлөө үзүүлэхүйц бүх төрлийн контентийг явуулахгүй гэсэн санамж бичигт гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ энэ нь хэрэгжсэнгүй. Оюунлаг монгол хүүхдүүд сурч, боловсорч чадна. Хамгийн гол нь зөв, эрүүл байхыг төрийн болон гэр бүлийн түвшинд хэрэгжүүлмээр байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтын талаар та тодотгож тайлбарлаж өгнө үү?

Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтыг хэрэгжүүлэхэд төр, эцэг эх аль алиных нь үүрэг чухал. Энэ бол байгууллага бүр, ажил олгогч бүхэн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх заалтыг санаачлан Хөдөлмөрийн тухай хуульд тусгуулсан юм. Энэ оны эхнээс “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэсэн энэ заалт мөрдөгдөж эхлээд байна.

Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор салбар бүр хүүхэд хамгааллын талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, хэрэгжилтийг хангахаар ажиллаж байгаа. Тийм ч учраас чуулган дээр Эх үрсийн баяраар хүн бүхэн, бараг байгууллага болгон л хүүхэд багачууддаа амттанаар дүүрэн бэлэг сэлт өгөхөөс илүүтэй баярын өдрөөр нь хүүхэд хамгааллын талаар хуулиар хүлээсэн заалтаа хэрэгжүүлж бэлэг барья хэмээн уриалсан шүү дээ.

Та өмнө нь хүүхэд хамгааллын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж байгаа гэсэн. Ямар ямар хуулиуд дээр ажиллаж байгаа вэ?

Ямартай ч эмэгтэй гишүүдийн санаачлан өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг саяхнаас байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж эхлээд байна. Энэ бол хүүхэд хамгаалдаг байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хийгдэж буй шинэчлэлийн нэг хэсэг. Харин нөгөө талдаа УИХ-ын гишүүний хувиар Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах хуулийн төслийг санаачлан, нийгмийн бүхий л салбар, хүмүүсээс санал авах ажил явуулж байгаа.

Мөн Нийгмийн ажилтны тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Энэ бүх төсөл, санаа маань бүгд хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдэж байгаа. Нөгөө талаар дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 43.3 дахь заалтын хэрэгжилтийг хангуулах ажлыг санаачлан зохион байгуулж байгаа. Үүнээс гадна Гэр бүлийн тухай хуулийг нэн даруй шинэчлэх шаардлагатай байгааг хариуцсан албан тушаалтнуудад сануулж байгаа. Ингэж шинэчилж өөрчилж байж хүүхэд хамгааллын бодлого цогц байдлаар хэрэгжих ёстой гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан

Энэ хуулийн заалтыг хэрэгжүүлэхийг Та УИХ-ын чуулганы хуралдаан болон хүүхдийн үндэсний чуулган мөн байгууллага, аж ахуйн нэгжүүд, салбарын удирдлагуудад хандан уриалсан?

Монгол Улсын Ерөнхий сайдын хүүхдийн зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг 30 гаруй байгууллага энэ хуулийн хэрэгжилтийг хангуулж өөрийнхөө салбарын хүүхдүүдийг хамгаалахаас гадна, тухайн үйл ажиллагаа явуулж байгаа салбар бүрт хүүхэд хамгааллын асуудал нэгдүгээрт байх зорилт дэвшүүлж байна.

Энэ асуудал зөвхөн боловсрол, эрүүл мэнд гэсэн цөөхөн хэдэн салбарт хамаатай биш байгууллага бүрийн эн тэргүүнд хүүхэд хамгааллын асуудал байх ёстой гэдгийг зорилт болгосон юм. Энэ бол хүний хүүхдийн асуудал биш таны хүүхдийг ч мөн хамгаалж байгааг хүн бүр мэддэг, ойлгодог байх хэрэгтэй. Энэ бол урьд өмнө хийгдэж байгаагүй том ажил. Хүүхэд хамгааллын асуудлыг том зургаар нь харж, цогцоор нь шийдэж байж үр дүнд хүрнэ. Үүнд эцэг, эхчүүд хариуцлагаа нэмэгдүүлж, үр хүүхэддээ цаг гаргаж сайн ээж, аав байснаар жинхэнэ үр дүн гарах юм.

ШИНЭ МЭДЭЭ