МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ойн нөөцийг нэмэгдүүлэх, ойн эрүүл ахуй, амьдрах чадвар, бүтээмжийг сайжруулах хууль батлагдлаа
2022.06.20
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ойн нөөцийг нэмэгдүүлэх, ойн эрүүл ахуй, амьдрах чадвар, бүтээмжийг сайжруулах хууль батлагдлаа

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны 06-дугаар сарын 03-ны өдрийн Улсын их хурлын чуулганаар баталлаа.

Эл хууль нь 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шинэчилсэн найруулгаар батлагдсанаас хойш 9 жилийн хугацаанд 7 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ.

Уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, төрийн захиргааны байгууллагын ажил үүрэг оновчтой, уялдаатай байх, иргэн, хуулийн этгээдийн ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагаас олгох эрх, зөвшөөрлийн тоог бууруулах шинэчлэл хийх зорилгоор боловсруулсан юм. Хуулийн төсөлд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг яамны эрхлэх нийтлэг асуудалд нийцүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, ойн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, ойн үр, үрийн нөөцийн сан бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд дараах байр суурийг илэрхийлж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Ойн аж ахуй дээр ойн цэвэрлэгээ, арчилгаа ойг хамгаалах талаас ярьж байгаа боловч ойг яаж ашиглах тал дээр ярихгүй байна. Манай ойн нөөц Герман улсын ойн нөөцний 50 хувьтай тэнцдэг. Тус улс ойгоо ашиглаад 170 тэрбум евро олдог. Бид нар мөн ойгоо ашигладаг болмоор байна. Ойн аж ахуйн чиглэлийг ойгоо зөв ашигладаас талаас харах хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: 

Бүсийн аж ахуй нэгж байгуулах нь зөв. Харин томилгоо, аж ахуй нэгжтэй холбоотой маш их асуудал гардаг. Ойн агентлаг усны агентлагтай хамтарч ажиллах талаар хуулийн төсөлд оруулаххэрэгтэй. Говьд мод тарих маш хэцүү, үүнийг бодлогоор дэмжих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 

Ойжуулалттай, усны асуудал салшгүй холбоотой. Монгол Улсын 2020 онд усны тооллогын дүнгээрээ 116 гол горхи, 381 булаг шанд, 5 рашаан ширгэсэн гэсэн мэдээ байгаа. Гүний усны менежментийг сайжруулах, борооны усыг ашиглах, ус хуримтлуулах санаачлага гаргасан ажилдаа нэвтрүүлээрэй. Байгаа ойгоо хамгаалах хэрэгтэй, олон улсын туршлагаас ашиглах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Манай улс нийт газар нутгийн хэмжээтэй харьцуулахад  ой багатай улсын тоонд ордог. Үе үеийн төрийн бодлогын хэмжээнд ашиглах, хамгаалах бүх асуудал явж ирсэн. Энэ хууль батлагдсанаар ойн агентлагтай болно. Энэ агентлагийг байгуулахад мэргэжлийн боловсон хүчний судалгаа хэр байна вэ? Мэргэжлийн хүмүүс энэ салбарт ажиллах нөөц боломж ямар байдаг вэ? Тэнд 4-5 жил сурсан мэргэжлийн хүмүүсийг л ажиллуулах ёстой шүү.

УИХ-ын гишүүн Т.Аубакир:

Манай Монгол улсын ой бол эмзэг асуудал. Ойг нөхөн сэргээх ажлыг ойг огтолдог компани хийж гүйцэтгэдэг. Нэг га талбайд 699 мянган төгрөгөөр тооцож нөхөн сэргээлт хийдэг байсан бол одоо нэг га-д 1 сая 200 мянган төгрөгөөр нөхөн сэргээлт хийхээр болсон. Мэргэжлийн хувьд огтолдог компани болохоос суулгац хийдэг компани биш. Миний хэлж байгаа санал бол нэг га-д ногдох мөнгөөр тухайн орон нутгийн ойн үржүүлгийн мэргэжлийн компани гүйцэтгэх боломж, бололцоог нь судлуулбал яасан юм бэ. Чиг үүргийн хувьд огтолдог, тайрдаг компани нөхөн сэргээлт хийхэд  эргээд үр дүнгүй байгаа юм.

 

Энэ хуулийн төсөл батлагдсанаар:

  • Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн ойн сайн засаглалыг дэмжих, бэхжүүлэх, ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдэнэ.
  • Төрийн нийтийн өмч болох Ойн нөөцийг нэмэгдүүлэх, ойн эрүүл ахуй, амьдрах чадвар, бүтээмж, экологи, эдийн засаг, нийгмийн үр ашгийг сайжруулах нь Монгол Улсын одоо ба ирээдүй үеийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад ач холбогдолтой.
  • Мөн ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дотоод бүтэц дэх Ойн бодлого зохицуулалтын газар болон Ойн судалгаа хөгжлийн төвд ажиллаж байгаа орон тооны дийлэнх хэсгийг шинээр байгуулагдах бүтцэд шилжүүлж, төсөвт дарамт үүсгэхгүйгээр батлагдсан төсөвт багтаан сэргээн байгуулах

зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзжээ.

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ахалж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ц.Туваан нарын гишүүд ажлын хэсгийн гишүүдээр ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ