МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
2022.07.04
Эдийн засаг, Худалдаа

“Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.07.01) хуралдаан 17 цаг 05 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв.

Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулав.


Тэрбээр танилцуулгадаа, Төрийн аудитын тухай хуульд заасан Үндэсний аудитын газрын бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн гэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 88 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 73 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 14 байгууллагыг аудитын түүвэрт хамруулж, үйл ажиллагаа явуулаагүй 1 байгууллага байна. Аудитад хамрагдсан байгууллагаас 61 байгууллагад “Зөрчилгүй”, 12 байгууллагад “Хязгаарлалттай”,1 байгууллагад дүгнэлт өгөхөөс татгалзсан гэлээ.

Мөн аудитаар нийт 37,300.0 сая төгрөгийн алдаа, зөрчил илэрснээс, 24,952.5 сая төгрөгийн бүртгэл тайлагналтай холбоотой алдааг залруулж, 228.3 сая төгрөгийн 47 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 8,427.3 сая төгрөгийн зөрчилд 92 албан шаардлага хүргүүлж, 31.5 сая төгрөгийн зөрчилд хариуцлага тооцох 4 албан шаардлага өгч, 3,660.4 сая төгрөгийн зөрчилд 137 зөвлөмж өгснийг мэдэгдсэн.

Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 32 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэнээс 24 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 8 байгууллагыг аудитын түүвэрт хамруулжээ. Аудитад хамрагдсан байгууллагаас 18 байгууллагын санхүүгийн тайланд “Зөрчилгүй”, 6 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлт өгснийг Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа дурдав.

Аудитаар нийт 2,322.5 сая төгрөгийн алдаа, зөрчил илрүүлснээс 1,588.4 сая төгрөгийн алдааг аудитын явцад залруулж, 15.3 сая төгрөгийн 9 зөрчилд төлбөрийн акт тогтоож, 544.5 сая төгрөгийн 19 зөрчлийг арилгах албан шаардлага хүргүүлж, 174.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх 35 зөвлөмж өгчээ.

Тус Байнгын хорооны харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлтэд үндэслэн цаашид анхаарах асуудлыг дурдсан байлаа. Тухайлбал, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хяналтыг сайжруулах, Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төрийн өмчит хуулийн этгээдийн өмчлөлийн хэлбэрийг шийдвэрлэх талаар дурдсан байна. Мөн Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийг бүрэн хэрэгжүүлэх, аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулах, арга хэмжээг авч ажиллах шаардлагатай гэжээ.

Аудитын тайлантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, Т.Аубакир, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар асуулт асууж, санал хэлсэн. Гишүүдийн зүгээс боловсрол, соёл, спортын салбарын барилгын төсвийг тухайн үед нь зориулалтаар нь зарцуулаагүйгээс үнийн өсөлтийн зөрүүнд аж ахуйн нэгжүүд хохирч байгааг сануулаад төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн төсөл, арга хэмжээ чанарыг сайжруулахад хяналт тавих цаг болсныг хэлж байлаа.

Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцсэн талаарх Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулахаар боллоо

ШИНЭ МЭДЭЭ