МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт ажлын өндөр амжилт хүсье
2022.08.31

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт ажлын өндөр амжилт хүсье

Миний бие 2021 оны 4-р сард УИХ-ын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар томилогдсоноос хойш өнөөдрийг хүртэл хичээн зүтгэсэн үүрэгт ажлаа УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт хүлээлгэн өглөө.

  • Энэ хугацаанд сүүлийн 26 жил өөрчлөлт ороогүй байсан Соёлын тухай хуулийг шинэчлэхийн зэрэгцээ Кино урлагийг дэмжих тухай анхдагч хууль, Музейн тухай анхдагч хуулиудыг тус тус батлуулан эдгээр салбаруудын бодлого эрхзүйн зохицуулалт, ажилтан албан хаагчдын ажлын орчин нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулах чиглэлд дорвитой өөрчлөлтүүд хийгдлээ.
  • Мөн өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд Монгол орны ирээдүйн хөгжилд хамгийн чухал үүрэгтэй Боловсролын багц хуулиудын төслийн Ажлын хэсгүүдийг нэгтгэн зангидаж, удирдлагаар ханган УИХ-н чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болголоо.
  • Уг багц хуулийн төсөлд салбарын асуудлыг бүхэлд нь зохицуулах, томоохон өөрчлөлт, шинэчлэлийг авчрах нийт зургаан хуулийн төсөл багтсан бөгөөд 7 салбар ажлын хэсэгт УИХ-ын 23 гишүүн хамтран ажилласан томоохон хуулийн төсөл юм.
  • Манай байнгын хорооноос бүх оролцогч талуудын хэлэлцүүлэг, уулзалтуудыг үндэсний хэмжээнд цувралаар зохион байгуулж нийт 70,000 орчим саналуудыг нэгтгэснээр маш чамбай хуулийн төсөл боловсруулсан гэж хэлж болно.
  • Боловсролын багц хуулийн шинэчлэлээр Монгол хүн бүрт хүртээмжтэй, тэгш боловсрол олгох боломжийг олгохыг хичээн ажилласан бөгөөд энэ том ажлын ард Ажлын хэсгүүдийн гишүүдийн хамт амжилттай гарч чадсандаа баяртай байна.
  • Түүнчлэн Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамтаар боловсрол, соёлын салбарын төрийн үйлчилгээний ажилтнуудын цалин урамшууллын асуудлыг гаргаж тавьснаар цалинг нь нийтээр нь жигд нэмэгдүүллээ. Сугалааны цэцэрлэг гэх ойлголтыг 100% байхгүй болгох чухал шийдвэрүүдийг гаргав.

Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн онцлох ажлаасаа товчхон танилцууллаа. Тодорхой хугацаанд гар, сэтгэл нийлж багагүй ажлын ард гарсан бүх хүмүүстээ талархлаа илэрхийлж цаашдын их ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БСШУС-ын байнгын хорооны даргаар шинээр томилогдож, ажлаа хүлээж авсан журмын нөхөр, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгт амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ