“Туваан сан”-гийн нэрэмжит сургалтын төлбөрийн дэмжлэг тэтгэлгийг оюутнууд гардан авлаа
Төв аймгийнхаа иргэдийн эрүүл мэнд, боловсролын салбарт анхааран ажилладаг “Туваан сан”-гийнхаа нэрэмжит сургалтын төлбөрийн дэмжлэг тэтгэлгийг 4 дэх жилдээ шалгарсан оюутнуудад гардуулан өглөө.
2022-2023 оны хичээлийн жилд шинээр оюутан болж буй Төв аймгийнхаа 49 залууст тэтгэлэг болон тэтгэлэгтэй урилгыг гардуулж байна. Энэ жил тэтгэлэгт хөтөлбөрт 200 гаруй сурагчид материалаа ирүүлж, ярилцагад орсон ба тэтгэлэгт хөтөлбөрт 25 сумын төлөөлөл болох 49 хүүхэд шалгарсан.
Туваан сангийн тэтгэлэгт хамрагдсан оюутнууд нэг удаагийн сургалтын дэмжлэг аваад зогсохгүй хоорондоо нөхөрлөж, эргэх холбоо үүсгэн хамтдаа олон ажлуудыг хийдэг. Тухайлбал, сангийн зүгээс тэтгэлэгт оюутнуудынхаа дунд сайн дурын болон спортын арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Мөн оюутанд суралцах хугацаанд нь амьдралд хэрэгцээт чадваруудыг эзэмшүүлэхэд анхаарч сургалт лекцэд хамруулдаг ба "Оюутан жолооч" зэрэг хөнгөлөлттэй хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлсэн.
Тэтгэлэгт хамрагдсан оюутнууд нь сайн дурын ажлыг өөрсдөө санаачлан, хамтран хийдэг ба 2020, 2021 онд Төв аймгийнхаа 180 гаруй хүүхдэд шинэ жилийн бэлэг, 2021 онд шинээр сурагч болж буй 1 дүгээр ангийн 18 хүүхдэд хичээлийн иж бүрэн дүрэмт хувцас өгсөн байна. Мөн Төв аймгийн Аргалант суманд 200 ширхэг хайлаас мод тарьсан.