МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Конрад Аденауэрын сангийн төлөөлөгч Ардчилсан намтай хамтран ажиллахаа илэрхийлэв
2022.09.21
Улстөр

Конрад Аденауэрын сангийн төлөөлөгч Ардчилсан намтай хамтран ажиллахаа илэрхийлэв

“Ардчилал нэгэнт тогтчихдог зүйл биш, сорилт дандаа учирч байдаг. Энэхүү сорилтыг хэрхэн даван туулах вэ гэсэн асуудалтай тулгардаг онцлогтой тогтолцоо юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг ардчиллаа хамгаалж, үл ойлголцол үүсээд буй намаа нэгтгэхэд манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Конрад Аденауэрын сангийн /КАС/суурин төлөөлөгч Виктор Франк, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдтэй уулзахдаа онцоллоо.

Уулзалтад /2022.09.21/ Бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ц.Туваан, Н.Ганибал нар оролцов. Талууд, дэлхий нийтэд ардчилалд сорилт учраад буй энэ цагт Монголын ардчилалд сорилт бус аюул заналхийлж байна. Үүнийг даван туулах, ардчиллын үнэ цэн, үзэл баримтлалыг иргэдэд ойлгуулах, улс төрийн боловсрол олгох зэрэгт үзэл санаа нэг Ардчилсан нам болоод КАС бүх талаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн КАС-ийн суурин төлөөлөгч Виктор Франк, Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдсон О.Цогтгэрэл болон Ажлын албаны дарга С.Эрдэнэболд нарт ажлын амжилт хүсэв. Тэрбээр ХБНГУ-ын Христийн Ардчилсан холбоо нам хуваагдмал байдалтай сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээсэн. Одоо эргэж нэгдээд иргэдийн дунд явуулсан судалгаагаар хамгийн хүчтэй сөрөг хүчин болсон тухай өөрийн орны туршлагаасаа хуваалцлаа. Мөн Ардчилсан нам удахгүй учраа олж, нэгдэн хүчтэй сөрөг хүчин болох нийгмийн хүсэлт, шаардлагатай тулгарч буй талаар болон цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.

ШИНЭ МЭДЭЭ