МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.07
Эдийн засаг, Худалдаа

Б.Баярсайхан: Хөдөөг хөгжүүлэхэд ядаж сумын эмнэлэг бүр шүдний эмч, хүүхдийн эмчтэй болох хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Улсын хөгжлөө урагш тавьж, мега төслүүдээ дэмжсэн төсвийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байна. Гэхдээ бидний хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”- хотхөдөөгийн ялгааг арилгах, хөдөөг хөгжүүлэх зорилго бий. Гэхдээ байшин барилгын хөгжил гэхээсээ илүү улсын төсөв хүний хөгжил, хүний эрх, иргэд нь амар тайван амьдрахад чиглэх ёстой. Иймд хүн, мал хоёроо ярьсан хэд хэдэн асуудлыг ярих хэрэгтэй.

Завхан аймаг 73 мянга гаруй хүн амтай ч нийт 6 шүдний эмчтэй. Шүдний өвчлөл бол 200 гаруй өвчний суурь болдог, үл анзаарагдах хэр нь аюултай өвчнүүдийн нэг. Тиймээс Завхан аймгийнхаа бүх сумдад шүдний эмч, нэмээд хүүхдийн эмчийн орон тоог батлуулах зайлшгүй шаардлагатай байна.

Завхан аймгийн хэмжээнд 12 сум, нэг өрхийн эмнэлэг, нийт 15 эмнэлэгт нийт 22 хүүхдийн эмч ажилладаг. Хүүхдийн эмчгүй суманд асуудал их байна. Сүүлийн үед хүүхдийн өвчлөл ихсэж, хорт хавдар нэмэгдсэн. Энэ орон тоог батлаад явах боломж байна уу.

ХНХ-ын дэд сайдаас асуух асуулт байна. Сум бүртмал эмнэлгийн тасагтай, ХАА-н хэлтэс гээд мал хариуцсан 5 орон тоонд мэргэжилтэн ажилладаг, гэтэл суманд хүүхэд хариуцсан нэг ч орон тоо байдаггүй. Өнөөдөр хөдөө орон нутагт, хүүхдийн хүчирхийлэл маш өндөр байгаа. Улсын хэмжээнд 35 мянган хүүхэд өөрийнхөө гэрт гэмтэж, бэртэжбайна. Мал хариуцсан 5 албан хаагч байхад ХҮН хариуцсан нийгмийн ажилтан байхгүй байна. Нэг жилд 500 гаруй хүүхэд үр хөндүүлж байгаа судалгаа бий.

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ