МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Баярсайхан: Хүүхдүүдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг эрт явуулах чиглэлд ямар ажил хийж байна вэ

УИХ-н чуулганы /2022.10.14 /-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан:

Энэ бол их дээд сургууль төгсөөд дипломгүй, ажилгүй байдаг цаг үеийг халж нийгмийн хамгийн чухал салбаруудад ажиллаж, баялаг бүтээдэг боловсон хүчнийг бэлтгэдэг улс орны хүч болсон салбар юм. Өмнөх жилүүдэд ХНХЯ, Боловсролын яаманд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжиж байсан. Хүүхдүүд маань 09-дүгээр ангидаа мэргэжлээ сонгож чадахгүй, цаг хугацаа тулгаж мэргэжлээ сонгож байна. Долдугаар ангиас нь эхлээд ажил, мэргэжлийн чиг баримжаа яаж олгох юм, ямар мэргэжил сонгох вэ гэдэг дээр бэлдэх хугацаа байдаггүй. Нэгэнт МСҮТ-ээ Боловсролын яам дээрээ авсных хүүхдүүдэд эрт ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, ямар чиглэлээр мэргэжилтэй хүн болгох гэдэг дээр бэлтгэх хэрэгтэй. Үүн дээр Боловсролын сайдын санаагаа хэлнэ үү.

Хоёрдугаарт Норвегийн жишгээр мэргэжил эзэмшсэн л бол үнэ цэнтэй мэргэжилтэн юм гэдэг энэ бодлогыг Монгол улсад хэрэгжүүлэхэд туршлага судлаач гэж хэлэхийг хүсэж байна. Тус улсад ямар нэгэн мэргэжлийн ялгаварлан гадуурхал байдаггүй. Тухайн хүн 3 сар эсвэл 3 жил ямар нэгэн байдлаар тухайн мэргэжлээ эзэмшихэд мэргэшсэн байвал тэр мэргэжлийн үнэлэмж өндөр байдаг. Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй нэг хүнийг хүртэл харах мэргэжилтэн бэлддэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байлаа гэхэд тэр нь өөрөө ажил олгогч болоод явчихдаг. Ийм тогтолцоо бий.

МСҮТ-ээ Боловсролын яамандаа авснаараа сургалт үйлдвэрлэлийн төвд байгаа хүүхдүүдийн хамгаалал, ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх асуудал. Мөн МСҮТ-ээ төгсөөд төгсөгчид нь бүгд ажлын байраар хангагдаж, эх орныхоо хэрэгцээт салбар болгон дээр ажилладаг ийм үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох асуудал орхигдож байгаа юм. Үүн дээр ямар ажил хийж байна вэ?

Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ