УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Берлин хот дахь эмэгтэйчүүдийн эмнэлгээр зочиллоо
2022.10.17
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Берлин хот дахь эмэгтэйчүүдийн эмнэлгээр зочиллоо

Хатагтай эмнэлгийг үүсгэн байгуулагч, анагаах ухааны доктор А.Отгонболд эмч 2018 оноос эхлэн ХБНГУ-ын нийслэл Берлин хотод "Мedizinische Versorgungs Zentrum" хэмээх эмэгтэйчүүдийн болон мэс заслын эмнэлэг ажиллуулж байгаа аж.

Тус эмнэлэг эмэгтэйчүүдийн бүх эмчилгээ, мэс засал хийхээс гадна ерөнхий мэс заслын 12 Герман эмч, 21 сувилагч нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байна. 

Энэхүү эмнэлгийн өвчтөн үзэх, эмчлэх, даатгал зэрэг бүх үйлчилгээ цахим системээр мөн эмчилгээ, сувилгаа, эргэх холбоо бүхэлдээ эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой нягт уялдсан байдаг талаар онцоллоо. Түүнчлэн Германы эмнэлгүүдийн нийтлэг стандарт болох өвчтөнд аль болох ээлтэй байх, ажил, амьдралыг нь алдагдуулахгүй шуурхай үйлчлэх, үйлчлүүлэгчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих гэх олон зарчим, стандарт мөрддөг аж.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг энэ үеэр Отгонболд эмчтэй Германы эрүүл мэндийн даатгалын тогтолцооны талаар санал солилцож, Монгол улсад нэвтрүүлэх сайн туршлагын талаар ярилцлаа.
Отгонболд доктор Монголоос герман хэлтэй залуу эмч нарыг эмнэлэгтээ дадлагажуулах, цаашид мэргэжлээ дээшлүүлэх, Германд ажиллах боломжоор дэмжинэ гэдгийг уламжилжээ.

ШИНЭ МЭДЭЭ