МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.21

C.Одонтуяа: Эдийн засгаа иргэдийнхээ бодит орлоготой холбож ярих хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2022,10,21/-ны өдрийн хуралдаанаар Макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр баримтлах бодлого, экспортын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээний талаарх мэдээллийг сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Эдийн засгаа макро, микро байна уу иргэдийнхээ бодит орлоготойгоо холбож ярих хэрэгтэй. Нөгөө талаар үндэсний аюулгүй байдалтайгаа холбож ажилламаар байх юм. Мөрийн хөтөлбөр шиг ирээдүйд хөгжинө, өснө сайхан болно гэж ярьдгаа болимоор байна.

Сүүлийн 15 жилийн төсвийн бодлого, төсвийн тэнцэлд хийсэн дүгнэлт, санал маш зөв гарсан байна. Аудитын дүгнэлт, зөвлөмжүүд гараад байдаг. гэтэл улс төрийн шийдвэр дээрээ дандаа эсрэг гардаг. Хүрэлбаатар сайдыг онцгой сайн ажилла гэж хэлмээр байна. Та бол гол хариуцлага хүлээх ёстой хүн шүү. Төсвийн байнгын хороо, сангийн бүх л ажлыг та хариуцаж байсан. Өмнөх жилүүдэд Жавхлан сайд та хоёр бүх асуудлыг хариуцаад хийж ирсэн. Өнөөдөр энэ нь болохгүй байна тийм байна гэсэн шинэ юм авмааргүй байна.

Төсөв олон данстай байна гэж хамгийн их шүүмжилдэг хүн нь Хүрэлбаатар сайд байсан. Үүнийг та Сангийн яамтайгаа хамтраад хурдан цэгцэлмээр байна. Шүүмжилж байсан зүйлүүдээ ажил болго. Эдийн засаг сайжрах уу, муу байх уу гэдэг хувийн хэвшлээс хамаарна.

Хувийн хэвшлээ сайн дэмжээд өгөөч ээ. Саяхан төсвийн хэлэлцүүлэг хийсэн. Үүн дээр хувийн хэвшил үгээ хэлж байна лээ шүү. Төрийг үзэн ядах хэмжээнд очсон байна. Жишээлбэл төсөв батлагддаг, тендер авдаг. Гэтэл сангийн яам Төсвийн хууль болчихсон, дараа жил өөрчилье гээд хасаад ороод ирдэг. Бид нар юмаа төлөвлөчихсөн байгаа, дампуурлаа гээд аж ахуйн нэгжүүд аргаа барчихсан байна. Ингэж хувийн хэвшлээ нугасладгаа боль.

ШИНЭ МЭДЭЭ