МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.27

Ц.Туваан: Валютын нөөц багассантай холбоотой Монгол банк ямар бодлого баримталж байна вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.10.27\ нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Мөнгөний бодлого хэлэлцэж буй энэ үед Монгол банкны үндсэн зорилгыг ард иргэдэд ойлгомжтойгоор дурдаад хэлээч.

Инфляц өндөр болчихсон. бодит инфляц бүр 20 гарчихсан. Энэ бол тодорхой байгаа. Сүүлийн 6 жилийн дотор валютын ханш нэг дахин буюу 100, 200 гээд явчихсан. Аюул нь юунд байна гэхээр Монгол улсын бараа бүтээгдэхүүн, хүнсний импортын хамаарал 70%-тай байгаа. Үйлдвэрүүдээ дэмжсэн бодлого явуулдаггүйн хар гай өнөөдөр ингэж ирж байгаа юм. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байгаа нь үүнтэй холбоотой. Долларын ханш өсөхөд бизнес эрхлэгчдэд хүнд болж байгаа. Арилжаа наймаагаа хийж гадагшаа доллар шилжүүлье гэхэд банканд хязгаар тавьчихсан. Мөн валютын зээлтэй аж ахуй нэгжүүдэд хүнд тусаж байна. Үүн дээр Монгол банкны бодлого байна уу? Валютын нөөц багассантай холбоотой ямар бодлого суусан бэ?

Банкуудад хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг, чанаргүй зээл нь 2.5 их наяд төгрөг давсан. Энэ чинь эргээд банкны салбарын хямрал руу явж байгаа юм биш үү? Үүн дээр яг ямар бодлоготой байгаа юм бэ?

Мах гурил бензиний үнэ тогтворжуулах хууль баталсан. Энэ хууль ямар шаттай хэрэгжиж байна вэ? Хүнсний бүтээгдэхүүнээ доллараар авдаг. Долларыг нь шилжүүлж өгөхгүй болохоор нийлүүлэлт хомсодно. Нийлүүлэлт багасахад эрэлт ихсээд, үнэ өсөөд байгаа. Энэ дээр мөн ямар бодлоготой байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар УИХ-аас тогтоолын төсөл баталж, улсын төсөвт энэ жил 228 тэрбум төгрөг суусан. Энэ дээр бараг 70% буюу 138 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлөх гээд төсөвт тусгасан. Энэ зээлийн мөнгө нь хаана байна вэ? Үүнд Монгол банк яагаад оролцохгүй байгаа вэ?

Түүний асуултад Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ