МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Булгантуяа: Ихэнх төрийн өмчит компани оффтейк гэрээтэй, ил тод биш байна
2022.11.04
Улстөр

Х.Булгантуяа: Ихэнх төрийн өмчит компани оффтейк гэрээтэй, ил тод биш байна

УИХ дахь МАН-ын бүлэг төрийн өмчит компаниудын уул уурхайн оффтейк гэрээг ил болгох асуудлыг ярьж, гишүүд нь дэмжсэн байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Х.Булгантуяатай оффтейк гэрээг ил болгох асуудлаар ярилцлаа.

-Танай бүлэг оффтейк гэрээг ил болгох асуудлыг ярьж байгаа гэсэн. Та хувь гишүүнийхээ үүднээс уул уурхайн компаниудын оффтейк гэрээнүүдийг ил болгохыг дэмжиж байгаа юу?

-Дэмжиж байгаа. Бараг хоёр их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэг компанийн ТУЗ-ийн хэдэн гишүүн шийддэг болчихсон байна. Энэ нь бараг улсын төсвийн хөрөнгө оруулалттай ижил хэмжээтэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг улс даяараа төрийн бүхий л үйлчилгээг хүргэхэд зарцуулж байна. Тавилга, эд хогшил, техник тоног төхөөрөмж, зам, цахилгааны шугам гээд бүгдийг улсын төсөвт нэгд нэггүй бичдэг. Тэр битгий хэл тоо нь зөрвөл хөрөнгө оруулалтыг хийж болдоггүй. 960 хүүхдийн сургууль гэж төсөв дээр биччихээд тоог зөрүүлж тендер зарлахыг хүртэл хориглодог. Ийм нарийн зүйл заалттайгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хийж байхад энэ хэмжээний мөнгийг хэдхэн хүн зарцуулж байгаа нь угаасаа хууль бус.

Бид Монгол Улс олон төсөвтэй байна гэж олон удаа шүүмжилж байсан. Харамсалтай нь, төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт бараг улсын төсөв шиг болчихоод байна. Улсын байгууллагууд дээр хэмнэлтийн горим хатуу хэрэгжүүлж байгаа хэрнээ төрийн өмчит компаниуд дээр чадахгүй байна. Үүний цаана маш том дүнтэй гэрээнүүд явдаг. Захирлууд нь төрийн байгууллага, улс төрийн албан тушаалтнуудаас хамаагүй өндөр цалин, хангамж авдаг. Өөрсдөө дур мэдэн, олон нийтийн хяналтаас гадна тэр их мөнгийг шийдэх эрх мэдэлтэй байна. Төрийн өмчит компанийн захирлаар томилогдох нь УИХ-ын гишүүнээс эрх мэдэлтэй болчихсон байна шүү дээ.

-Оффтейк гэрээ байгуулж байгаа нь байгалийн баялгийг хулгайлж байна гэж үзэх үндэслэлтэй юү?

-Гэрээг ямар нөхцөлөөр, яаж байгуулж байгаагаас шалтгаална. Нэг талдаа энэ бол зээл шиг гэрээ. "Би сайн чанарын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Үүнийг үйлдвэрлэхэд одоохондоо хөрөнгө оруулалт дутаад байна. Та надад хөнгөлөлттэй зээл өгөөч. Ирээдүйд би бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр та мөнгөө суутгаад авчих” гэсэн л утгатай гэрээ юм. Мэдээж энд тодорхой хэмжээний хүү тооцох байх. Нэг үгээр хэлбэл, ирээдүйд гарах бүтээгдэхүүнээ урьдчилж зараад мөнгөө авч байгааг оффтейк гэрээ гэдэг. Манай улс Чалкогоос эхлээд оффтейк гэрээ хийж байсан юм. Чалкотой оффтейк гэрээ хийгээд, урьдчилж мөнгөө аваад Хүний хөгжлийн сангаар тарааж байсан.

Харамсалтай нь, манай улс энэ гэрээг хийхэд хэд хэдэн алдаа гаргаж байна. Нэгд, энэ гэрээг ил болгохгүй байна. Хоёрт, төрийн өмчит компани борлуулалтын гэрээ, бүтээгдэхүүнээ ямар ханшаар борлуулж байгаагаа ил тод болгохгүй байна. Бараг төрийн нууц гэж байна. Нууц байгаа учраас хардах эрх үүсчихээд байгаа юм. Ямар нөхцөлтэйгөөр байгуулсан бол, нөгөө талд ашигтай, Монгол Улсад алдагдалтай гэрээ байгуулаад тэр дундаас нь хувь хүмүүс тохиролцож мөнгө аваад байна уу. Тэр мөнгөө Монголд байршуулахгүй, гадаадад байршуулаад байгаа юм биш үү гэдэг хардалт иргэд, олон нийтийн дунд байна. Хувь улстөрч миний хувьд ч ийм хардлага байна.

Тиймээс энэ бүх гэрээг ил болгож байж энэ асуудлууд шийдэгдэнэ. Ер нь хамаг юмыг төрийн нууц гээд нууцад авдгаа болимоор байгаа юм. Тендер зарласан бол ил тод байх ёстой. Зах зээл дээр нүүрсний үнэ 70 ам.доллар байлаа гэхэд оффтейк гэрээ байгуулахад зах зээлийн ирээдүйн ханшийг хэдээр тооцсон бэ гэдгээ олон нийтэд мэдээлэх ёстой. Ялангуяа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа Монголын иргэн бүрд байгаа. Тиймээс хувьцаа эзэмшигчийн хувьд бид ч үүнийг мэдэх эрхтэй.

-Хоёр их наяд төгрөгийн оффтейк гэрээ байгаа гэлээ. Энэ нь зөвхөн Тавантолгойн хийсэн оффтейк гэрээ юу?

-Энэ зөвхөн хөрөнгө оруулалтын дүн. Мөн Эрдэнэт үйлдвэрээс эхлээд төрийн өмчит компаниуд байна. Эдний хөрөнгө оруулалтыг харахад улсын төсвийн хөрөнгө оруулалтаас давсан хэмжээний хөрөнгө оруулалтыг ТУЗ-ийнхөө хэмжээнд шийдэж байна.

ШИНЭ МЭДЭЭ