МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллалаа
2022.11.14
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллалаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Архивын ерөнхий газарт ажиллаж архив, албан хэрэг хөтлөлтийн талаар болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаад байгаа асуудлын талаар санал солилцлоо. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар Архив, албан хэрэг хөтлөлийн тухай хуулийн хэрэгжилт, орон нутгийн төрийн архивыг бэхжүүлэх болон архивын сан хөмрөгийг баяжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, олон улсын ижил төрлийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, архивын цахим шилжилт, үйлчилгээний талаар танилцуулав. Мөн 37 төрийн архив ажиллаж Үндэсний төв архив болон 21 аймаг, нийслэлийн архивууд e-document.gov.mn, e-archives.gov.mn цахим хуудас ашиглан тоон гарын үсгээр баталгаажуулан архивын үйлчилгээг цахимаар үзүүлж эхэлсэн бөгөөд 2022 онд 20501 лавлагаа өгч иргэдийн 310 сая төгрөгийг хэмнэсэн гэсэн тооцоо гарсан талаар, түүнчлэн e-mongolia цахим хуудсаар 10 төрлийн лавлагаа олгож байгаа талаар танилцууллаа.

Монгол төрийн түүх, үндэстний ой санамжийг хадгалж, хамгаалж, төрийн албаны бичиг хэргийн эргэлтийг нэгдсэн нэг стандартаар хангаж ажиллаж байгаа архивын байгууллагын нийт албан хаагчдад талархал илэрхийлээд архивын салбарын харилцааг зохицуулсан анхны хууль 1998 онд Архивын тухай хууль нэртэй батлагдаж байсан бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 04 дугаар сарын 24-ний өдөр Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчлэн баталж олон зарчмын өөрчлөлт оруулсан. Тухайлбал, төрийн байгууллагын албан хэрэг хөтлөлийн асуудлыг анх хуульчилсан, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн сан бүрдүүлэх, хувь хүн өөрийн бүтээсэн болон хуулийн дагуу олж авсан баримтаараа архив үүсгэж болох, архивын ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийн талаар тодорхой зохицуулалт орсон гэдгийг онцоллоо.

Үндэсний төв архивт XVI зуунаас хойших түүхэн үед холбогдох 1299 хөмрөгийн 1.618.644 хадгаламжийн нэгж баримт хадгалагдаж байгаа бөгөөд эдгээрийг 1500-1600 оны үед хамаарах үйсэн дээрх баримт, 1674-1911 оны үед хамаарах Манжийн үеийн хөмрөг, 1911-1921 оны үед хамаарах Богд хаант Монгол Улсын үеийн хөмрөг, 1921-1990 оны үед хамаарах Ардын засгийн үеийн хөмрөг, 1990 оноос одоог хүртэл Ардчиллын үеийн хөмрөг гэсэн ангилалд хуваан авч үзэж байна.

Байгууллагын ажлын бүтээмжид хамгийн их нөлөөлдөг зүйл бол алба хаагчид ажилдаа сэтгэл хангалуун байх, ажиллах нөхцөл нийгмийн баталгаа хангагдах явдал байдаг бөгөөд Архив, албан хэрэг хөтлөлийн тухай хуулийг батлах явцад ч энэ асуудалд нилээд анхаарал хандуулж хамгийн хүнд, нарийн ажлыг гардан хийж байгаа архивч, архивч-судлаач, сан хөмрөгч, сэлбэн засагч, архивын баримтын хадгалалтын технологич, баримт ариутгагчаар ажиллаж байгаа төрийн албан хаагчид 10 жил тутамд нэг жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгодог болсныг онцолж цаашид ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ