МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.18

Н.Ганибал: Улаан буудайн үнийг хэрхэн тогтоох вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.18\ үдээс хойших хуралдаанаар Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Салбарын бодлого өөрчлөгдөх ёстой. Ингэхдээ томоохон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байгааг малчдын маань амьдрал бэлээхэн харуулж байна. Хөдөө аж ахуйн яам малчдаа сард хэдэн төгрөгний орлого олж байгааг бодож байна уу? Тэнд хүмүүс хувийнхаа бизнесийг хийж байгаа, гэхдээ олж буй орлого нь амьдралд хүрч байна уу гэдэгт салбарын бодлого байх ёстой.

Газар тариалангийн салбар дэлхий дээр байдаг бүх хөнгөлөлтийг авдаг. Гэвч Монголчууд нийтээрээ хамгийн үнэтэй гурил хэрэглэж байна. Энэ бодлого мөн үү?

Хөдөө орон нутагт дизель түлш олдохгүй байгааг салбарын сайд мэдэж байна уу. Засгийн газрын хуралдаан дээр ярьсан уу? Нэн ялангуяа зүүн бүсийн малчид намаржаанаасаа өвөлжөө рүү нүүх гэхэд шатахуунгүй учраас нүүж чадахгүй байна. Хадсан өвсөө хот, хүрээ орж борлуулъя гэхэд тээврийн түлшгүй нөхцөлд байгаа юм. Магадгүй 5 хоногийн дараа Улаанбаатарт махны үнэ өснө.

2 үзүүртэй зүү шиг асуудалд ханддагаа Засгийн газар болих хэрэгтэй. Махаа бэлдээд гаргаад эхлэхээр Улаанбаатарт махны үнэ өсчихлөө гээд Засгийн газар нь татвараа нэмдэг,  гаалиа хаадаг. Ийм л бодлогууд Монголын хөдөө аж ахуйн салбарт саад болж байна шүү дээ. Улс төрийн шийдвэр нь илүү гардаг. Бодит бизнесүүд дээр бодлогоо авч явах зайлшгүй шаардлагатай. 

ОХУ энэ жил 130 сая тонн, Казакстан улс 30 гаруй сая тонн улаан буудай авсан. Энэ улсууд өнөөдөр 700 мянган төгрөгөөр улаан буудайгаа зарж байна. Монгол улсад энэ жил улаан буудайг аж ахуйн нэгжээс ямар үнээр авах гэж байна вэ? Ямар үнэ тогтоох гэж байна вэ? Үүний ачааллыг Монголын иргэн бүр үүрдэг асуудал давтагдах уу. Дизель түлш хэзээ хэвийн болох вэ?

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ