Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.11.22) хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэв. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын гурван гишүүний өргөн мэдүүлсэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ажлын хэсгийн танилцуулгыг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ нэр томьёог жигдлэх, үүнтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын 7 томьёолол, найруулгын 4 санал бэлтгэсэн байна.
Дээрх танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон найруулгын саналуудаар нэгбүрчлэн санал хураалт явууллаа. Ийнхүү Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Дараа нь Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцуулав.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хууль, тогтоолын төслүүд болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг хуралдаан даргалагчаас гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу ажлын хэсэг дараах саналыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг заалттай уялдуулсан байна.
Төслийн 18.2.1 дэх заалтын “энэ хуулийн 19.4, 19.6-д нийцүүлэн гүйцэтгэсэн” гэснийг “боловсруулсан” гэж өөрчилж, 18.2.7 дахь заалтыг өөрчлөн найруулах, төслийн 27.1.6 дахь заалтын “хамтарч оролцохгүй байх” гэснийг хасаж, 27.1 дэх хэсэгт 27.1.7 дахь заалт нэмэх, төслийн 25.2.6 дахь заалтын “үнэлэх” гэснийг “үнэлэх, шаардлага хангаагүй бол энэ хуулийн 25.2.7-д заасан хугацааны дотор оролцогчид мэдэгдэх;” гэж өөрчлөн, төслийн 39.3 дахь хэсгийн “байгууллагаас” гэсний дараа “зөвшөөрлийг” гэж нэмж, төслийн 50.1.3 дахь заалтын “төслийн баримт бичгийн үнэ” гэснийг хасахаар санал хураалгаж шийдвэрлэсэн гэв.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-д “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай” гэж заасны дагуу төслийн 29.1 дэх хэсгийн “зээлдэгчийн” гэснийг “санхүүжүүлэгчийн” гэж, 29.2 дахь хэсгийн “Монгол Улсын хууль болон түншлэлийн гэрээнд заасан эрх, үүргийн дагуу оролцоно” гэснийг “холбогдох хууль, түншлэлийн үндсэн болон дагалдах гэрээнд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж өөрчилж, хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах саналыг дэмжихгүй гэж санал хурааж шийдвэрлэсэн болохыг Ц.Цэрэнпунцаг гишүүн танилцуулсан.
Хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд заасныг үндэслэн” гэснийг “төр, хувийн хэвшлийн түншлэлээр” гэж өөрчилж, мөн зүйлийн “холбогдсон харилцааг” гэсний дараа “Газрын тухай,” гэж нэмж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл санаачлах,” гэснийг “төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн саналыг хэлэлцэх,” гэж өөрчилж, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороонд даалгах”, “энэ тогтоолыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх” агуулга бүхий 2 заалт нэмэх саналууд тус тус гаргажээ.
2023 оны Төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуультай хамт Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эшлэлийг дугаарыг өөрчилж төсөлд тусгажээ.
Төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, С.Чинзориг нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Дараа нь ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай хамтран “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. БНХАУ-ын баримталж буй “Тэг-КОВИД” бодлогын улмаас тогтоосон хилийн хязгаарлалт болон Оросын Холбооны Улс, Укран улсуудын хямралт нөхцөл байдлаас шалтгаалан хүнс, эрчим хүчний үнэ огцом нэмэгдэж, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлыг бий болгосон. Түүнчлэн инфляцын түвшин өсөж, гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн хямрал улс орнуудын эдийн засагт хүндрэл учруулж байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.
Сүүлийн 40 жилд тохиолдоогүй инфляцын өндөр түвшнийг тогтворжуулахаар улс орнууд Төв банкны бодлогын хүүгээ чангаруулж байгаа ба АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүг 2022 оны эхний 9 сард 5 удаа эрс нэмэгдүүлсэн нь ам.долларын ханшийг голлох валютуудын эсрэг 15 орчим хувиар өсгөж, хөгжиж буй орнуудад өрийн болон валютын ханшийн дарамтыг нэмэгдүүлсэн байна.
Геополитикийн хурцадмал байдал болон гадаад орчны нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын төлбөрийн тэнцэлийн алдагдал 2022 оны есдүгээр сарын байдлаар 1.4 тэрбум ам.долларт хүрсэн бол гадаад валютын албан нөөц 2021 оны жилийн эцсийн үзүүлэлттэй харьцуулахад 1.5 тэрбум ам.доллароор буурч 2.8 тэрбум ам.доллар болсон байна. Түүнчлэн 2022 оны аравдугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 1.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий -2 хувийн гүйцэтгэлтэй гарсан.
Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулиар энэ оны алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувиас хэтрэхгүй байхаар баталсан. Төсөв ийнхүү алдагдалтай батлагдсанаар төсвийн орлого, зарлагын зөрүүг Засгийн газрын өр үүсгэсэн санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Иймд “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. 100 сая ам.доллартай тэнцэх тус хөтөлбөрийн зээлийг авч ашиглахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай зээлийн хэлэлцээрийг 2022 оны есдүгээр сарын 05-ны өдөр хийж, тус хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллартай тэнцэх зээл олгох асуудлыг тус банкны захирлуудын зөвлөл 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр баталжээ.
Олон улсын байгууллагууд дундаас бүс нутгийн үйл ажиллагаа явуулж буй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Азийн хөгжлийн банкууд нь ОУВС-аас харьцангуй хамаарал багатайгаар бие даасан шийдвэр гаргаж, хөтөлбөрийн зээл олгохоор ийнхүү шийдвэрлээд байгааг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан. Гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай энэхүү эх үүсвэрийг энэ ондоо багтаан, яаралтай авч ашиглах шаардлагатай бий гэдгийг мөн дурдсан. аа, Азийн дэд бүсийн хөрөнгө оруулалтын банкаас авч ашиглах зуун сая ам. Тус зээл эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, долоон жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм байна.
Сангийн сайдын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ч.Ундрам, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт мэдээлэл авсан бол Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, Ц.Цэрэнпунцаг нар төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэв. Дараа нь зээлийн хэлэлцээрийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон 10 гишүүний 60 хувь нь дэмжсэн. Энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо