МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.01
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэдийн асуудлыг шийдэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:

Газар бол улс орны үндэс. Ард иргэдийн ахуй амьдралын суурь. Тиймээс газрын тухай хуульд Улсын Их Хурал ухаалаг, бодитой, тал талаас нь хэлэлцэх ёстой. Ялангуяа газрын тухай багц хууль ард иргэдэд ээлтэй байгаасай. Нэг жишээ хэлье. Хан-Уул дүүргийн 11-р хорооны 1,2,3, 4, 5-дугаар хэсгийн 600 иргэний асуудал байна. Эдгээр хүмүүс тэнд 62 жил амьдарч буй. Өнөөдрийг хүртэл тэнд томоохон компаниудын асуудал шийдэгдсэн. Харин ард иргэдийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Энэ хүмүүс газраа өмчилж аваагүй. 5 жилээр газар ашиглалтын гэрээг сунгадаг. Үүнээс болж энэ хүмүүс газраа эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаггүй.

Хууль эрх зүйн зөрчил байгаа учраас шийдэж чадахгүй байна гэдэг асуудлыг эл хуулиар Зайсанд 62 жил амьдарч байгаа 600 хүмүүсийн асуудлыг ээлтэй, өөрсдийх нь хүсэн хүлээсэн байдлаар шийдэх ёстой. Энэ иргэд холбогдох газруудад олон жил хүсэлтээ өгсөн. Тодруулбал 11-р хорооны засаг дарга Ариунтуяа, иргэн Нямсүрэн, Норовцэрэн, Лхагвасүрэн, Баярбат, Гансүх, Отгонхүү, Туяа, Нямтөгс, Балжинням мөн хамгийн сүүлд Шар овогтой Уламсайхан гэх 1957 онд төрсөн цагаасаа хойш тэнд амьдарсан иргэний асуудал шийдэгдээгүй.

Эдгээр хүмүүс хамгийн нэгдүгээрт хууль гараад хэрэгжих хүртэл газрынхаа гэрчилгээг 5 жилээр дахин сунгаж өгөөч. Газрын төлбөр гэр хороололд амьдардаг хүмүүст өндөр байгаа учраас нэг удаа төлбөрийн асуудлыг чөлөөлж өгөөч. Түүнчлэн хуулийн хүрээнд газар дээрээ гэрчилгээ авах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нээж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ