МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэм шинжилгээний бага хуралд эрдэмтэд үндсэн илтгэлүүдээ тавилаа
2023.01.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Эрдэм шинжилгээний бага хуралд эрдэмтэд үндсэн илтгэлүүдээ тавилаа

Төрийн ордонд өнөөдөр (2023.01.04) болж буй “Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэм шинжилгээний ажилтнууд, их, дээд сургуулийн профессор, багш нар, иргэний нийгэм хувийн хэвшлийн судлаач төлөөлөл оролцож байна.

Удахгүй зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хүрээнд хийгдэж буй тус хурал улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, шийдвэрлэх арга зам, гарц гаргалгааг шинжлэх ухааны үүднээс тогтоох зорилготой юм.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэл”-ийн хүрээнд арван багц хуулийг батлан хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг тэмдэглээд, “Үндсэн хуульд оруулсан 2019 оны нэмэлт, өөрчлөлтөө бүрэн амилуулж, хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Үүний дагуу 30 гаруй томоохон хуулийг шинэчлэн батлахаар тусгаснаас 13 хууль батлагдаагүй байна.

Тухайлбал, төрийн эрх мэдэл хоорондын хяналт, тэнцлийг бэхжүүлэх, парламентын ардчилал, ард түмний засаглах эрхийг баталгаажуулахад нэн чухал ач холбогдолтой Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг одоо болтол өргөн мэдүүлээгүй байна” гэж онцлон дурдав. Түүнчлэн тэрбээр, “Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёлж, тэр нь шударга хэрэгжиж, товчлон хэлбэл хууль засаглаж байж төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ.

Зөвхөн Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэлээс болж алдагдсан боломжийн өртөг жилд 3.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоногийг түгжрэлд өнгөрөөж, ажил алба, үнэт цагаа алдаж, хохирч байна. Энэхүү түгжигч хүчин зүйл, хөгжил дэвшлийг гацаасан цоожийг бид орон зайн шинэ төлөвлөлтөөр хэрхэн тайлах, хууль, эрх зүй, бодлогын ямар хөшүүрэг хэрэглэх, түүнийг ямар эрэмбэ дараагаар, хэрхэн амилуулах асуудлаар өнөөдрийн хурлаас олон шинэ гарц, шийдэл гарна гэдэгт найдаж байна” гээд Монгол Улс хэрвээ байгалийн баялаг ихтэй юм бол баялгийн сантай байх ёстой.

Нийгэм хэт баян цөөнх, ядуу болон ядуурал руу гулсаж буй олонх гэсэн хоёр бүлэгт хуваагдах хандлага сүүлийн жилүүдэд эрчимжлээ. Улс орны хөгжлийн гол тулгуур болдог дундаж давхарга нэмэгдэх боломж хязгаарлагдмал байсаар байгааг анхааруулсан юм. Эцэст нь тэрбээр эрдэмтэн судлаачдад хандан улс орныхоо сэргэн мандлын зүг чигийг тодорхойлох хүндтэй хариуцлага ногдож, ард түмэнтэйгээ “Зөвлөлдөж шийдэх” чухал асуудлуудын оньсыг нээх эрхэм үүрэг хүлээж байгаа сануулж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Дараа нь Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр, ардчилсан засаглалын гажуудал, төрийн эрх мэдлийн хуваарилалт, ялангуяа хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэргүй байдал нь өнөөдрийн нийгмийг бүтээсэн хэмээн онцлоод, Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс. Гэтэл парламент өнөөдөр иргэний төлөөллийн байгууллага гэхээс илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага болж хувирлаа. Улс төрийн намын гишүүнчлэлгүй, дундаж болон дундажаас доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн бүхий л бүлгийн төлөөллүүд сонгогдох боломжгүй болжээ гэлээ. Тэрбээр ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн алдаа оноог шинжлэх ухааны үндэслэлтэй хэлэлцэж, шинэ 30 жилийг тодорхойлох санал, дүгнэл гаргахыг хуралд оролцогчдод хүсэв.

Эрдэм шинжилгээний хурлын эхний үндсэн илтгэлийг МУИС-ийн Үндсэн хуулийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхсайхан тавьсан юм. Тэрбээр “Улс төр, засаглалын харилцааны тулгамдсан асуудлууд: Шударга ёс” сэдэвт илтгэлдээ, Монгол шиг нэгдмэл, Бүгд найрамдах, цөөн хүн амтай, нэг үндэстний улсад нэг танхимт парламент тонхирдог. Эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэлийг хангах талаар Монгол Улсын Үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэж байгаа" гэсэн дүгнэлт хийсэн юм. 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлээд хоёр жил гаруйн өнгөрч байгаа тул үр дүнг үнэлэх болоогүй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагагүй буюу хугацаа болоогүй гэж тэрбээр дүгнэсэн юм.

Хоёр дахь үндсэн илтгэлийг “Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны хүсэмжлэл” сэдвээр Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор А.Алтанзул хийлээ. Доктор А.Алтанзул судалгааныхаа хүрээнд 330 гаруй хуульд агуулга, үүргийн шинжилгээ хийсэн байна. Үүнээсээ тэрбээр сонгогддог ба томилогддог албан тушаалтнуудад тавигддаг хариуцлага хүлээх чадвар, шаардлагыг зохицуулж буй хууль тогтоомжийн заалт бусад төрийн албан хаагчдынхаас бага байгааг тогтоосон байна.

Мөн сонгогддог албан тушаалтнууд иргэдээс мандат авдаг тул тусгайлан шаардлага тавих нь төлөөллийн ардчиллын зарчимтай зөрчилдөнө гэсэн үзэл санаа байдгийг ч дурдсан юм. Иймд сонгогддог ба томилогддог албан тушаалтнуудад орлогоос гадна зарлагын мэдүүлэг гаргадаг байх зэргээр нарийвчилсан хуулиудаар ёс суртахууны хэм хэмжээг тусгайлан зааж өгөх шаардлагатай гэж тэрбээр үзэж байгаа юм. Хариуцлагын тогтолцооны хувьд ч улс төрийн албан тушаалтнуудад оногдуулах хариуцлага тодорхой бус байна.

Эцэст нь тэрбээр, улс төрийн өндөр албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг, зөрчилд хүлээлгэсэн хариуцлага бусад төрийн албан хаагчдад хүлээлгэснээс хоёр дахин бага байгааг тэмдэглэж, сонгогддог болон томилогддог албан тушаалтнуудын нэр дэвших, сонгон шалгууруулах үйл явцад хуулиар олон нийтийн оролцоог хангаж, нээлттэй болгон манлайллыг хуульчлах, Засгийн газрын салбаруудын бодлого хууль, тогтоомжийн уялдаа холбоо, хийдэл, зөрчлийг арилгах замаар хууль зөрчиж шийдвэр гаргадаг албан тушаалтнуудын боломжийг хязгаарлах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэхэд олон нийтийн байгууллагын оролцоог хангасан суурь хуулийг батлах шаардлагатай гэсэн дүгнэлт хийв.

Хуралдаанд оролцогчид илтгэгчдээс асуулт асууж, Үндсэн хуулийн болон засаглалын шинэчлэлт, энэ талаарх онолын ба олон улсын дэвшилтэт туршлага, чиг хандлагын талаар зөвлөлдөж ярилцсан юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Улсын Их Хурлын Дэд дарга асан Ж.Гомбожав, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав, “иргэн” Д.Ламжав, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар хурлын зохион байгуулалт болон доктор, профессор О.Мөнхсайханы илтгэл, түүний дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж үг хэлэв.

Завсарлагын дараа ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор М.Алтанбагана “Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах нь: Орон зайн шинэ төлөвлөлт” гэсэн сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, өнгөрсөн 30 жилд нийгэм, эдийн засгийн орон зайн зохион байгуулалт нь аяндаа явагдаж, бүх татах хүчийг Улаанбаатар хотод бий болгосныг дурдаж, иргэд амьдарч, хөгжиж чадахуйц гэж үзэж сонголт хийх хоёр дахь хотыг Монгол Улс байгуулаагүй байна гэсэн юм.

Бүсчилсэн хөгжлийн хэтийн чиг хандлагаа төлөвлөж, төвлөрлийг сааруулахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэхгүй бол байдал улам хүндрэхээр байгааг тэрбээр баримт сөхөн өгүүллээ. ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэд 2020 оноос хойш босоо 11, хэвтээ 6 тэнхлэгийг тодорхойлж, хамгийн оновчтой хувилбар гэж үзсэн байна. Энэ хувилбараар Монгол Улс Улаанбаатартай өрсөлдөхүйц таван том хоттой байх, эдгээр нь бүсийн түвшинд татах хүч болдог хотууд байх юм гэж тэрбээр илтгэлдээ дурдаад, ингэснээр 13 цэг дээр эдийн засгийн нөөц бий болж, мөн аялал жуулчлалын долоон бүс, хилийн зурвас дагасан долоон корридор бий болно гэж үзсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруусан нэмэлт, өөрчлөлтөөр “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот; тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад хотын зэрэглэл, тосгоны онцлогийг харгалзан шилжүүлэх эрхзүйн орчин бүрдсэнийг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдлаа.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, профессор Б.Отгонтөгс “Баялгийн сан: Шударга, хүртээмжтэй хуваарилалт” гэсэн сэдвээр илтгэл тавив. Баялгийн санг байгуулж ажилласан олон улсад сайн туршлага, орлого, хөрөнгийн үр өгөөжийн талаарх судалгаа, санг хэрхэн зөв байгуулах зэрэг асуудлыг судалснаа танилцуулж, сангийн зарлага, хуваарилалтыг хэрхэн оновчтой явуулах, энэ талаар ямар туршлага дэлхийн дахинд хурамтлагдсаныг жишээ татан ярилаа.

Баялгийн сан хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн хэлбэртэй байдаг бөгөөд Сантьягогийн зарчимд тодорхойлсноор, Засгийн газрын эзэмшилд байдаг тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын зохицуулалтын сан юм. Энэ талаар манай улс тодорхой хэмжээний туршлага, оролдлогуудыг хийж ирсэн бөгөөд сангуудын удирдлага, менежмент, засаглал зөв бол 2046-2050 онуудад улсын нийт өр буурах, эдийн засгийн өсөлт тогтворжих, баялгийг динамикаар хуваарилах нөлөө үүсэх боломжтойг тэрбээр урьд өмнө хийгдсэн судалгаа, шинжилгээнд тулгуурлан дурдсан юм.

Хуримтлалын, хөрөнгө оруулалтын, хуваарилалтын гэсэн гурван өөр чиг үүргийг нэг сангаар хийх боломжгүй тул нэгэнт байгуулагдсан байг сангуудын эрх зүйн зохицуулалтыг Баялгийн сангийн хуультай уялдуулах шаардлагатайг онцолсон юм. Сангийн баялгийг шударга хуваарилах, хөрөнгөө гаргаж, эрсдэлээ хариуцах зарчмаар ажиллах эрх зүй, бизнесийн орчин бүрдүүлж, DIGNAR (Debt, Investment, Growth, Natural Resources) буюу төлөвлөлтийн загвартай, хяналтын механизм, хөрөнгийн удирдлагын мандат, засаглал, тайлагналын ил тод байдлыг нарийвчлан зохицуулсан Баялгийн сан байгуулах шаардлагатайг зөвлөмж болгов.

Эрдэм шинжилгээний бага хурал үдээс хойно салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Улс төр, засаглалын асуудлаарх салбар хуралдааныг аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал О.Машбат чиглүүлж, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн секторын эрхлэгч, доктор О.Хатанболд, философич, доктор С.Молор-Эрдэнэ нар хэлэлцүүлэгт оролцов. Хариуцлагын тогтолцоо, шударга ёсны асуудлаарх салбар хуралдааныг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн удирдаж, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын захирал, доктор Ч.Тамир, ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Ц.Батцэрэн нар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Харин гурав дахь буюу орон зайн төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн асуудлаарх салбар хуралдааныг доктор Ч.Хашчулуун чиглүүлж, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Нарантулга, Нийслэлийн бодлогын шинжилгээ, судалгааны төвийн захирал, доктор М.Буяндэлгэр нар хэлэлцүүллээ. Баялгийн сан, түүний шударга, хүртээмжтэй хуваарилалтын талаарх дөрөв дэх салбар хуралдааныг Хөдөө аж ахуйн Эдийн засаг, инновацийн хөгжлийн төвийн захирал, шинжлэх ухааны доктор, академич А.Бакей чиглүүлж, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, судлаач, доктор М.Найданхүү нар хэлэлцүүлж байна

ШИНЭ МЭДЭЭ