МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.01.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Чинзориг: Хөдөөгийн иргэдийн гол хэрэглээ болох дизель түлшний үнийг тогтворжуулах талаар ямар бодлого хэрэгжүүлэх вэ

УИХ-ын /2023.01.19/-ны өдрийн ээлжит чуулганаар “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Их хурлаас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх тогтоолын төслийг хаврын чуулганаар баталсан. Үүний дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас авч буй арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа байх. Ялангуяа АИ92 бензиний үнийг тогтвортой байлгах тал дээр ажиллаж байна. Хуульд ганцхан АИ92 ороогүй гэж бодоод байна. Түлш шатахуун гээд АИ92-оос гадна дизель түлшний үнийг тогтворжуулах, нөөц бүрдүүлэх асуудал давхар явж байгаа гэж ойлгоод байгаа юм.

Танай яамнаас явуулж байгаа үйл ажиллагааг харахаар АИ92 дээр анхаараад, дизель түлшний үнэтэй холбоотой асуудалд дутуу анхаараад байгаа юм биш үү? Дизель түлшний хэрэглээ орон нутгийн иргэдэд өндөр байгаа шүү дээ. Энэ бол малчид, тариаланчидтай холбоотой асуудал. Энэ жил ихэнх аймгуудад цаг хатуурч, өвөлжилт хүндэрч байна. Хөдөөгийн иргэд отор нүүдэл ихтэй байна. Малчдын хэрэглээний гол зүйл нь дизель түлш.

Оны өмнө тойргийнхоо 5-6 суманд ажиллахад иргэдийн зүгээс гурил, дизель түлшний үнийн асуудлыг маш их ярьж байсан. Би статистикийн газраас судалгаа авч үзсэн. Дизель түлшний үнэ нэг жилийн хугацаанд 40 хувиар өссөн судалгаа гарсан. Тэгэхээр цаашдаа танай яам хөдөөгийн иргэдийн гол хэрэглээ болсон дизель түлшний үнийг тогтворжуулах тал дээр ямар бодлого барих вэ?

Одоо оруулж ирж байгаа тогтоод дээр чинь дизель түлшний татвар 5% хэвээрээ байна. АИ92 татваргүй. Дизель түлшний үнийг тогтвортой байлгах тал дээр анхаармаар байна сайд аа. Хөдөөгийн иргэдийн гол зүйл шүү дээ. Иргэд отор нүүдэл их хийж байна. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид дийлэнх нь дизель түлш хэрэглэж байгаа. АИ92 хэрэглээ нийт иргэдэд хамааралтай учраас зөв. Гэхдээ энэ чинь төв суурин газрын хэрэглээ шүү дээ. Хөдөө хотын иргэдээ ялгаад байгаа юм шиг асуудал байна. Үүнд анхаарах хэрэгтэй.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ