2023.01.20
Хүний эрх

Б.Бат-Эрдэнэ: Хүний эрхийг баталгаатай хангаж, эдлүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих нь зүйтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.20\ нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Энэхүү хуулийн төсөлд хүний эрхийг хязгаарлах чиглэлийн зохицуулалтууд байна гэж яригдаад байгаа. Нөгөө талдаа хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хааж, боомилсон заалт байна гэх. Үүн дээр тодорхой хариулт өгнө үү?

Нийгмийн сүлжээ, цахим орчинд болж байгаа үйл явдлуудаас ямар хортой үр дагавар гараад байна вэ. Ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд гэмт хэрэг, хүчирхийлэлд уриалах эсвэл буруу зан төлөвийг бий болгох чиглэлд гараад байгаа муу үр дагавартай холбогдуулан хийсэн судалгаа  байна уу?

Бид Ардчилсан тогтолцоотой улс орон учир хүний эрхийг баталгаатай хангаж, эдлүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавих нь зүйтэй. Нийтийн албанд зүтгэж байгаа улсууд нь аливаа асуудалд холбогдох, хардагдах эсвэл сэрдэгдвэл хуулийн байгууллагаар хар, цагаанаа ялгуулдаг тогтолцоонд орох шаардлагатай. Сүүлийн 30 жилийн хугацаанд үнэн, худал нь мэдэгдэхгүй олон мэдээлэл явсаар эцэс сүүлд нь замхраад алга болдог. Үүний цаана жинхэнэ гэмт этгээдүүд нь хождог, завшдаг!

Нийтийн албанд ялангуяа иргэд сонгогчдыг төлөөлөн ажиллаж буй өндөр албан тушаалтнууд аливаа асуудалд холбогдсон тохиолдолд буруу, зөв өө тодорхойлуулж, түүнийгээ олон нийтэд мэдээлдэг байх ёстой. Ингэж гэмээ нь худал хуурмаг бүхэн гарахгүй байх нөхцөл бүрдэнэ.

Түүний асуултад, ЦХХХЯ-ны сайд Н.Учрал хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ