МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Шинэ хөдөө” төслийн хүрээнд Дундговь аймагт 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн
2023.02.10
Орон нутгийн хөгжил

“Шинэ хөдөө” төслийн хүрээнд Дундговь аймагт 300 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Дундговь аймгийн Луус суманд ажиллалаа.

Тэрээр энэ үеэр "Шинэ хөдөө" төслийн санхүүжилтээр 50 морины хүчин чадал бүхий тракторыг хүлээлгэн өглөө.  Луус сум нь 430 гаруй малчин өрхтэй. Ногоон тэжээл, төмс хүнсний ногоо тариалдаг олон өрх хоршоод бий болжээ.

Хөдөөд өрхийн үйлдвэрлэл, малчдын бүлэг хоршоог дэмжих зорилготой “Шинэ хөдөө” хөтөлбөр Дундговь аймагт 2021 оноос хэрэгжиж, 2022 онд үргэлжлэн нийтдээ 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа юм. Баянжаргалан, Сайнцагаан сумдад 5000 м2, усалгааны дуслын систем, намираа усалгааны хоолой байгуулж, хамгаалалтын төмөр хашаа, худаг, усны нөөцийн савтай болсон.

Мөн аймгийн 13 суманд иж бүрдэл бүхий зуны хүлэмж хүлээлгэн өгсөн. Говийн хөрсөнд ургасан шинэ ногооны дээжээ Дундговийнхон өнгөрсөн намар хураан авч, намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа хийсэн билээ.

Ингэснээр газрын үр шимийг хүртэх, төмс хүнсний ногоогоо өөрсдөө тарьж сургууль, цэцэрлэгийнхээ үдийн хоолонд нийлүүлж эхэлсэн сумд ч байна. Малчид хоршин ногоон тэжээл тариалах үүсгэл санаачилга Дундговь аймагт нэмэгдсэн. "Шинэ хөдөө" төслийн хүрээнд Луус, Сайнцагаан сумдад 50 морины хүчин чадалтай трактор, Баянжаргалан суманд хадлангийн мотоблок, Говь-Угтаал суманд хонь ноослох машин, ирлэгч, электрон жин, зөөврийн цахилгаан үүсгүүрийг иж бүрдлээр нь нийлүүлээд байна.

Мөн тэрээр Луус сумын Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. 1940 онд байгуулагдсан энэ сургуулийн барилга 1987 онд шинэчлэгдсэн. 240 хүүхдийн багтаамжтай, 9 жилийн суурь боловсрол олгож байгаа сургууль юм. Одоогоор 160 гаруй хүүхэд суралцаж байна. Байгалийн ухааны кабинетаа өргөжүүлж, Мэдээлэл зүйн шинэ танхимтай болох зорилготой байгаагаа багш нар хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг гишүүний хувиар, тойрогтоо хэрэгжүүлж эхэлсэн “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийнхөө хүрээнд өнгөрсөн жил Дундговь аймагт Тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсрол, соёлын салбарт хэрэгжүүлсэн.

Сургалтын техник хэрэгсэл, цахим тоног төхөөрөмж, ухаалаг дэлгэц, хөгжмийн студи, компьютер гээд олон зүйлс эздэдээ хүрчээ.  Дундговь аймгийн 15 сумын бүх сургууль цэцэрлэгт өгөөжээ өгсөнд баяртай байна. Луус суманд энэ хөтөлбөрийн хүрээнд 28 сая гаруй төгрөгийн Ухаалаг дэлгэц, хөгжмийн студийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн Луус сумын соёлын төвийн барилгын явцтай танилцлаа. Тус сумын соёлын төвийн барилга 1987 онд ашиглалтад орсон бөгөөд  бетон, суурь угсармал, төмөр хавтан хучилттай, тоосгон ханатай хоёр давхар барилга юм. 2021 онд орон нутгийн хөрөнгөөр халаалтын төв шугамд холбосон. Ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүйг соёлын төвийнхөн хэлж байлаа.

УИХ-н намрын чуулганаар хэлэлцэн батлагдсан хууль, тогтоомжийн талаарх мэдээллээ сонгогчдодоо таниулан явна. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны даргын хувиар энэ салбарын хууль эрх зүйн шинэтгэлийг таниулах, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж ажиллалаа.

ШИНЭ МЭДЭЭ