2023.02.14
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Өндөр Алтайд минь мянган туульч “Жангар” тууль хайлла
Монгол угсаатан хаана байна, тэнд “Жангар”-ын тууль байдаг ажээ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, түүхч, зохиолч, ардын аман билэгзүйч Дэгээхүүгийн Сүрьяа гуай Говь-Алтай аймгийн нутгаас “Жангар” туулийн дөрвөн эх гар бичмэл олдсон, Алтайн нурууны 13 ноён оргилын нэг Бурхан буудай уул тус туульд дурдагддаг талаар тэмдэглэсэн нь угаас “Туульсын хаан Жангарын оюун санааны эх нутаг нь уулсын хаан Алтай” болохын сэжүүр гэлтэй. Монгол баатарлаг туулийг хайлахын өмнө Алтай, Хангай хоёроо хайлж, магтдаг. Алтай, Хангай хайлна гэдэг нь Алтайн эзэн, Хангайн эзнийг урьж дуудан, уул усны эзэд хуран чуулж алтай, хангай хөвчийн ан амьтан, араатан, жигүүртэн туульчийг тойрч, тэр айлд, тэр нутагт цэнгэлийг олж, мөн дээд огторгуйгаас газар лусын эзэдтэй харьцдаг хүчнүүд бүгд чуулаад тууль хайлах зөвшөөрлийг өгч байна гэсэн үг ажээ.
Мичид шүргэм Алтайд маань мянган Жангарч чуулж огторгуйн чинадаас эцэг өвгөдийнхөө дээд оюуны хурыг цагаан тэнгэрээр хөлөглөн буулгаж, хүндлэн дээдлэж, эх болсон газар дэлхийгээ аргадах зан үйлийг гүйцэтгэн амьд байгаль уул ус, лустай ярьж амьдралаа холбож, дэлхий ээжийгээ амьд хэмээн ухаж аргадах, баясгах зэргээр хүн лугаа адил хүндэтгэн харьцаж, дээдлэн ирсэн нүүдэлчдийн энэхүү гайхамшигт соёлыг хойч үедээ уламжлуулан өвлүүлэх, агуулга ач холбогдлыг нь таниулан мэдүүлэх, дэмжин дэлгэрүүлэх үйлсэд идэвхи санаачилгатай оролцох нь Монгол төрийн хийгээд монгол хүн бүрийн эрхэм үүрэг ажгуу.
Дэлхийд хосгүй монгол өв соёлынхоо охь манлай “Жангар” туулийг ийнхүү хайлах санаачилгыг гаргагч Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, уг ажлыг зохион байгуулж буй Монгол Улсын төрийн батламжит туульч, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын соёлын элч “Баян-Алтай” мэнгэт туулчийн удмын цуурч, хөөмийч, туульч Эрдэнэцогтын Баатаржав, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, найруулагч Д.Баярбаатар, Д.Баатархүү тэргүүт мянган туульч, С.Цагаанбаатар даргатай Соёл урлагийн газар, Э.Отгонбаатар даргатай Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулга, Алтай ятгын “Чүрэ” чуулгын хамт олон, эрдэмтэн судлаачид, хөгжим, дууны багш нар хийгээд гар бие оролцсон бүх Алтайчуудад гүн талархаж, чин сэтгэлээс баярлаж байна.
ШИНЭ МЭДЭЭ
2020-2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024.05.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19