2023.02.24
Улстөр

Л.Оюун-Эрдэнэ: Шүүхийн байгууллагад 500 шүүгч байгаагийн тал нь Ц.Элбэгдоржийн, тал нь Х.Баттулгын томилгоо

МҮОНРТ-ын Монголын мэдээ сувгийн "Онцлох зочин" ярилцлагын нэвтрүүлгийн хоёрдугаар сарын 19-ний дугаарт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. 

Тус ярилцлагын үеэр эдийн засаг, улс төр, нийгэм, эрүүл мэнд, гадаад харилцаа, авлига зэрэг сэдвүүдийн хүрээнд түүний ярьсан онцлох зүйлсийг эшлэл болгон хүргэж байна.



Эдийн засаг 

  • Шинэ сэргэлтийн бодлого бол нэгдүгээрт, алсын хараа 2050-ын эдийн засгийн бүлэг, Хоёрдугаарт цар тахлаас үүссэн хүндрэлийг хэрхэн даван туулах эрсдлийн төлөвлөгөө, гуравдугаарт манай улсын эдийн засгийн хувьд бие даах ёстой тусгаар тогтнолын төлөвлөгөө гэж ойлгож болно.
  • Бүх боомтыг авто замаар, стратегийн боомтуудыг төмөр замаар холбоно. Тэгэхээр маш хурдан, их хэмжээний нүүрс гаргах нь Монгол Улсын ойрын ирээдүйн том стратеги гэж ойлгож болно. Уг санхүүжилтээр эдийн засгаа төрөлжүүлнэ.
  • Одоо зарж буй 30 сая тонн нүүрсийг 45 сая тонн болговол Монгол Улс өөр түвшинд очно. 50-100 сая тонн нүүрс экспортолдог болбол ДНБ 10,000 ам.доллар давна. Өөрөөр хэлбэл, боомтууд сэргэж, авлигын энэхүү тэмцэлд Засгийн газар, иргэдтэйгээ хамт ялалт байгуулсан тохиолдолд 2030 онд хүрэхээр тооцсон үр дүндээ 1-2 жилийн дараа очно.
  • 2023, 2024 онд эдийн засаг сэргэнэ.
  • Оны төгсгөлд парк шинэчлэл хийгдэнэ.
  • Гадаад хөрөнгө оруулалт, худалдааны агентлаг шинээр байгуулагдаж байгаа.

Эрүүл мэнд 

  • Нийт иргэдийн 25 орчим хувь нь эрт илрүүлгийн оношилгоонд хамрагджээ. Энэ зун хөдөө орон нутаг руу анхаарах бөгөөд ирэх 1-2 жилийн хугацаанд эрт илрүүлгийг бүтэн хийнэ.
  • Шүдний асуудал манай улсын хамгийн том асуудлын нэг болжээ гэх дүгнэлт гарсан. Улмаар энэ нь дотор эрхтэнд нөлөөлдөг. Иймд үндэсний хэмжээнд “Шүд” хөтөлбөрийг санаачлахаар  ажлыг хэсэг гараад, ажиллаж байна.
  • Төрөх эмнэлгүүдийг том түвшинд шийдвэрлэнэ.

Улс төр 

  • Өнгөрсөн хугацаанд хувийн өмчтэй, олон намын тогтолцоотой болсон. Үүнээс шалтгаалж, манай улсын эдийн засаг 17 дахин тэлсэн.  Өнгөрсөн 30 жилийн хугацаанд гүйцэтгэх засаглал хүч мөхөстөж явсан. Тухайлбал, Засгийн газрын дундаж нас 1.5 жил байна. Манай Засгийн газрын хувьд огцрох бол хоёрдугаар асуудал. Ихэнх Ерөнхий сайд огцрохгүйн тулд явсаар байгаад бүлэглэлийнхээ барьцаанд орсон дүр зураг харагддаг. 
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хувьд салаа замын уулзвар дээр бид байна. Ерөнхий сайдын хувьд, Эрх баригч намын даргын хувьд би нээлттэй хамтарч ажиллахад бэлэн. Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүний байр суурийг илэрхийлбэл, холимог тогтолцоо зөв гэж хэлнэ.
  • УИХ-ын гишүүдийн түвшинд хэдэн улстөрчийн нэрийг зарласан. Халдашгүй бүрэн эрхийн байдал гэдэг зүйлээс болж, УИХ гишүүн байна гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулдаг. Ерөнхий сайд УИХ-ын гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй.Хаврын чуулган гуравдугаар сарын 15-ны өдөр эхэлнэ. Хамгийн түрүүнд энэ хоёр гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Цаашлаад шаардлагатай тохиолдолд нэр зарласан 17 хүний асуудлыг Улсын Ерөнхий Прокурор болон УИХ-д оруулж, шалгах хуулийн боломж нээлттэй. 

Гадаад харилцаа

  • Монгол Улс энх тайвны төлөө гэдэг байр суурьтай. Бид хэнээс ч хамааралгүйгээр олон улсад байр сууриа илэрхийлнэ.
  • Ирэх жил манай улсын аялал жуулчлалын салбарт болон олон улсын харилцаанд үсрэнгүй өөрчлөлт гарах түүхэн жил байх болов уу гэж найдаж байна.
  • 400 сая жуулчин дээр тайлбар өгье. Ярилцлагын өмнөх, хойд хэсгийг тасалчихаар утга нь өөр болчихдог. Баян адаргын гүүр ашиглалтад орох өдөр дэлхийн аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Монгол Улсад ирчихсэн байсан. Тэр хүн Монголчууд та бүхэн зөвхөн одоо байгаа түүхээрээ хил хязгаараар сэтгэж болохгүй. та бүхэн дэлхийн том эзэнт гүрнийг байгуулж байсан улс. Тэгэхээр Монголын Эзэнт гүрний түүхтэй холбоотой хүмүүс гэхэд жил бүр бараг 400 сая жуулчин ирэх боломжтой шүү гэж хэлж байсан юм.
  • Агаарын тээврийн либералчлал хийж байна. Ирэх жил олон жил ярьсан нэг сая жуулчиндаа хүрнэ гэж бодож байна.
  • Хөрөнгө оруулалтын олон уулзалт зун зохион байгуулагдана.
  • Бүх иргэн, бүх хувийн хэвшилтэйгээ хамтраад улсынхаа нэрийг дэлхийд өргөх жил бол 2023-2025 он байна.

Нүүрсний гэх хулгай 

  • АТГ-т дөрвөн багц асуудлаар хэрэг үүсгээд 70 орчим хүнийг сэжигтнээр татсан бөгөөд заримыг нь яллагдагчаар татаад явж байна. 
  • "Эрдэнэт" ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосонтой ижил "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаанд БЭТ томилж, онцгой дэглэм тогтоосон билээ. 
  • Нүүрсний гэх хулгайн хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа. Мөргөцөг алга болсон болон тээвэрлэлттэй холбоотой асуудал ихэнх нь жижиг Тавантолгой ХК-тай холбоотой.
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон Монголын оюутны холбоо(МОХ)-ны үе үеийн удирдлагууд тодорхой хэмжээний санхүүжилт босгож жагсаалд оролцсон. Өөрөөр хэлбэл, МОХ-ны удирдагч байсан Б.Ганхуяг, Н.Удаанжаргал, мөн одоогийн ерөнхийлөгч иргэн "А" нар нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилогдож, тендер авдаг байсан. Одоо шалгагдаж байгаа. 
  • Жагсаалд сөрөг хүчнийхэн болон койнтой холбоотой нөхөд оролцсон. Учир нь жилийн өмнөөс койныг шалгаж эхэлсэн бөгөөд энэ хэргийг замхруулж магадгүй гэж бодсон байх. Гадаадын санхүүжилтээр жагсаалыг зохион байгуулсан гэдэг асуудлыг шалгаж байгаа. Одоо ярих боломжгүй. 
  • УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг жижиг Тавантолгой ХК-ийн хувьцаа эзэмшигч гэж ярьдаг ч бодит байдалд 100% түүний өмчлөл байдаг. Тэрбээр компани дахь МАН болон АН-ын томилгоог өөрөө хийдэг. Түүний хувьд жагсаалыг зохион байгуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн. 

Хөгжлийн Банкны гэх асуудал 

  • ОУВС-гаас Хөгжлийн Банкийг татан буулгах ёстой гэж надад хэлсэн. Хэрэв татан буулгачихвал нэгдүгээр, гаргасан зээлүүд төлөгдөхгүй, хоёрдугаарт, Хөгжлийн Банк дахиж байгуулагдах боломж багасна.
  • Засгийн газар дангаараа Хөгжлийн Банкны асуудлыг шийдэж чадахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж, зээлдэгчид өрөө төлж байгаа.

"Эрдэнэт" ТӨҮГ

  • Үе үеийн Ерөнхийлөгч "Эрдэнэт" ТӨҮГ-т бараа, ган бөмбөлөг шахдаг гэх домог яриа шиг үг бий. Энэ нь өнөөдрийн нүүрсний хулгайн анхдагч суурь нь юм. Нийгмийн шилжилтийн үед 470 орчим улсын үйлдвэрийг хувьчилсан. Улс төрд нөлөө бүхий хэдхэн хүн хагас зуун жил бүтээсэн нийгмийн баялгийг хувьчлаад авсан. Гэтэл өнөөдөр төрийн өмчит газруудыг олон нийтэд хувьчлах гэхээр иргэд итгэхгүй байна.
  • "Эрдэнэт" ТӨҮГ-ын 49 хувийн хувьцааг Засгийн газар өөрийн давуу эрхээс татгалзаад, ганц хоёрхон сайдаас бусдад нь хэлэхгүйгээр сонгуулиас хоёр гурван хоногийн өмнө хувьчлаад авсан асуудал. Үүнийг ганц хувийн хэвшил эсвэл Ерөнхий сайд шийдэх боломжгүй. Тагнуулын байгууллага, шүүх, прокурор, Ерөнхийлөгч хүртэл оролцсон.Шүүх дээр "Эрдэнэт" ТӨҮГ-ын 49 хувьтай холбоотой асуудал очсон. Хэрхэн яаж шийдэгдэхийг нүд цавчилгүй хамтдаа харна. Шүүхэд нөлөөлөх гэсэндээ биш олон нийтийг ажиглаасай гэж хүсэж байна. 

Авлига, хээл хахууль 

  • Мөрдөх байгууллагуудын хувьд ажлаа хийгээд өгчихдөг юм билээ. Гол нь шүүхийн томилгоо шударга байсан уу, томилсон хүнийхээ эсрэг шударгаар шийдвэр гаргаж чадах уу?
  • Шүүхийн байгууллагад нийт 500 шүүгч байна. Үүний тал нь Ц.Элбэгдоржийн томилгоо, тал нь Х.Баттулгын томилгоо юм. 
  • Би улс орны хөгжлийн бодлого тодорхойлох ёстой байтал авлигатай холбоотой асуудал руу татагдаж ороод байна гэдэг нь шүүхийн байгууллага ажлаа хийгээгүй гэсэн үг.
  • Тиймээс Засгийн газраас дэвшүүлж буй Авлигатай тэмцэх таван "Ш" ажиллагааг зарласан. Мөрдөх байгууллагын дарга нар, хэвлэлийн мэдээллийн байгууллагынхан ажлын хэсэгт орно. Би гайхамшиг бүтээх гэсэндээ биш бусад улс шиг л болъё гэж зорьж байгаа. 

Рио Тинто гэрээний асуудал

  • Оюутолгой төслийн Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларыг 100 тэглэсэн. Ингэснээр уурхайн үр өгөөж нь нэмэгдэнэ гэсэн үг. Гүний уурхайгаас нэг машин баяжмал гаргах, эсвэл нэг машин баяжмалыг шороотой нь хамт гаргахад асар их ялгаатай. 2027 оноос хойш манай улсын ДНБ-ийг хоёр дахин тэлэх боломжтой.
  • Оюутолгой компанитай эрчим хүчний тарифыг тохирсон. Тавантолгойд цахилгаан станц барих хэлцлийг хийсэн гэсэн үг. 2023 ондоо багтаад Тавантолгой цахилгаан станцын тендер зарлагдаж бүтээн байгуулалт хийгдэх боломж үүссэн. Учир нь тарифыг тохирчихсон.
  • Гүнийн уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа хүртэл Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсэхгүйгээр хөрөнгө оруулагч тал гүнийн уурхайн бүх зардлыг өөрөө хариуцаж байгаа. Гуравдугаар сарын 13-ны өдрийг хүлээж байна. УИХ-ын тогтоолоор Оюутолгойн хэлэлцээрийн нэгдүгээр үе шат гүнийн уурхайн нээлтийн өдрөөр дуусна. Ийнхүү хоёр дахь үе шат эхлэх бөгөөд хэрхэн өгөөжтэй байхыг ярилцана. Үүнд тодорхой хэмжээний цаг шаардах байх. Мөн олон улсын баг авч ажиллана. 

С.Зоригийн хэрэг 

  • С.Зоригийн хэрэг "Эрдэнэт" ТӨҮГ-тай холбоотой. 1998 онд "Эрдэнэт" ТӨҮГ-т онцгой дэглэм тогтоосон бөгөөд С.Зориг Дэд бүтцийн сайдаар ажиллаж байв. 
  • Тус үйлдвэрийн удирдлага солигдох процесс явж байсан бөгөөд үүнтэй зэрэгцэн зөрчлүүд үүссэн. Логик дарааллаар нь хайвал баялгийн тэмцэл харагдана. 
  • Одоо бий болсон томоохон авлигын системийн эхлэл нь тэнд тавигдаж байсан юм биш байгаа гэж боддог. 
  • С.Зориг амиа алдсанаар харьцангуй системтэй явж байсан тэр цаг үе өөрчлөгдсөн юм биш байгаа. 

Бусад

  • Герман улсад хийсэн айлчлалын үеэр яригдсан цагийг 40 насны төрсөн өдрөөр маань Баатар ах бэлэглэсэн.
  • Мөн тус айлчлалын үеэр онгоцны нислэгтэй холбоотой тайлбар хэлэхэд уг нь санхүүгээ хэмнэх гэсэн арга байсан. Нислэгт олголтын зөрүү гаргаж, иргэдийг бухимдуулсандаа хүлцэл өчье.
  • Цахимжилт дээр томоохон реформ хийнэ. Иргэн орон нутгаас орж ирж, төрийн албан хаагчтай нүүр тулахгүйгээр бүх үйлчилгээг авдаг болгоно. Салангид байгаа дата мэдээллүүдийг засна.
  • Байгалийн баялагтай байлаа гээд үнэнийг хэлэхэд, хуваарилалт нь шог болчхоод байна.

ШИНЭ МЭДЭЭ