МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Х.Булгантуяа: Гашуунсухайтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын боомт болгоно
2023.02.27
Зам, Тээвэр

Х.Булгантуяа: Гашуунсухайтыг 24 цагийн ажиллагаатай олон улсын боомт болгоно

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяагаас нүүрс биржээр зарахад авч хэрэгжүүлэх ажлынх нь талаар тодрууллаа.

-Нүүрс биржээр зарахад талууд хэрхэн хандаж, ямар саналууд гаргаж байна вэ?

-Монголын талаас нүүрс тээврийн компаниуд санал гаргаж байна. Биржээр зарагдсан нүүрсийг чингэлэг тээврийн терминалаар экспортлохоор журамд тусгасан. Одоо дөрвөн гарцаар автомашины тээвэр хийж байна. Үүний нэгээр нь тусгайлан биржээр зарсан нүүрсийг БНХАУ руу гаргана.

Мөн Засгийн газрын тогтоолын дагуу Авто тээврийн үндэсний төв С зөвшөөрлийг компаниудад олгодог байсан. Гэтэл олборлогч тал “Бид өөрсдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаад нүүрсээ экспортлоход тэдэн ширхэг С зөвшөөрөл хэрэгтэй болох нь гэдгээ захиалаад түүний дагуу АТҮТ С зөвшөөрлийг өгдөг болвол яасан юм бэ” гэсэн хүсэлтийг тавьсан. Үүний дагуу гурван олборлогч компани нүүрс олборлоод экспортоо хийхэд хэрэгтэй байгаа С зөвшөөрлийнхөө тоо хэмжээг зарлаад Төрийн худалдан авах ажиллагааны газар тендерээ явуулсан. Ер нь бол олборлогч компаниуд тээврийн зөвшөөрөл авах гэхээсээ илүү тээврийн компаниудтай гэрээлээд явдаг. Энэ ч зөв зохистой байх.

-БНХАУ-ын тал нүүрс биржээр худалдан авахад ам нөхцөлийн үнээс өндөр үнээр худалдан авч таарна. Үүнд БНХАУ-ын тал хэрхэн хандаж байна вэ, худалдан авагч тал аль болох хямд үнээр худалдан авах гэх байх?

-Нүүрс худалдан авагч тал амны үнээс өндөр үнээр нүүрсээ авч байна, бидэнд ямар давуу тал үүсэх гэдгийг сонирхож байна. Нэгд, өмнө хэлсэнчлэн авто замын нэг гарцыг зөвхөн биржээр зарсан нүүрсийг гаргахад зориулна, шаардлагатай дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг хийнэ. Хоёрт, Гашуунсухайт боомтоор экспортын 60 орчим хувь нь гардаг. Боомт дээр очерлосоор байгаад хонодог асуудал гардаг. Тиймээс 24 цагийн ажиллагаатай олон улсын боомт болгоно. Олон улсын боомт болгоно гэдэг нь олон улсын жишигт нийцсэн болгоно гэсэн үг. Уг ажлын төлөвлөгөө гараад, төсөв санхүү нь шийдэгдсэн. Цар тахлаас болоод хойшилсон асуудал бий. Өнгөрсөн намар буулгах, тэгшлэх гээд бэлтгэл ажил нь хийгдсэн, 2023 оны дөрөвдүгээр сараас газар шорооны ажил, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

Өмнөхөөсөө өндөр үнээр авна гэдэг нь үнэн. Гэхдээ ам нөхцөлөөр худалдан авахад тээврийн зардал нь тусдаа байдаг, худалдан авагч тал нь өөрсдөө тээврийн зардлаа хариуцдаг байсан. Харин биржээр авбал борлуулагч тал нь хариуцдаг болно гэсэн үг. Тээврийн үнэ өртөг, гарах эрсдэлүүдийг тооцвол үнэ өндөр байх нь ойлгомжтой. Ер нь бол манайд гардаг асуудал, эрсдэл нь дандаа тээвэрлэлт дээр л гардаг. Уул уурхайн компаниуд олборлолт талдаа асуудал гаргах нь харьцангуй бага.

Тиймээс тээврийн эрсдэлийг олборлогч, борлуулагч тал хариуцаж эхэлнэ. Эрсдэлээ дагаад өртөг нэмэгдэж орж ирнэ. Үүнтэй холбоотойгоор Цагаан хад дээр нүүрс буулгадаг, буцаж ачаад хорогдол гаргадаг, олон шат дамжлагаар дамжиж, хулгай авлига гардаг байдлыг зогсооно. Засгийн газраас аль болох олон төрлөөр экспорт хийхийг дэмжинэ. Үүнд, AGV, чингэлэг терминал, авто зам, төмөр зам гэх мэт орно.

-БНХАУ-аас бусад улс орон биржээр нүүрс авъя гэхэд яах вэ?

-Худалдан авагч талуудын зарим нь эцсийн хэрэглэгч, зарим нь зуучлагч байгаа юм. Зуучлагч нар авсан нүүрсээ цааш нь ямар нөхцөлөөр, яаж зарах вэ гэдэг нь тэдний асуудал. Мэдээж бид олон талын оролцоог хангахыг эрмэлзэнэ. БНХАУ-ын талаас бүртгүүлж буй компаниуд олон байгааг Хөрөнгийн биржээс мэдээлсэн. Бусад улс орноос хандах хувь хэмжээ нь харьцангуй бага. Энэ оны долдугаар сараас хууль нь бүрэн хэрэгжээд эхлэхээр нүүрсээ 100 хувь биржээр зарахыг хичээнэ.

-Богинын тээврийг зогсоох юм байна. Энэ нь Гашуунсухайт боомтыг олон улсын боомт болгохтой холбоотой юм уу?

-Тийм ээ. Гашуунсухайтыг олон улсын боомт болгоход олон бэлтгэл ажил хийх ёстой. Одоо 240 км нарийн замаар бүх тээврийн машин явж байна. Уртын тээвэрт явуулна гэвэл энэ бүх машин саадгүй явах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр нарийн замаар явж буй нэг машин эвдрээд зогсоход олон машин хүлээх, харанхуйд тойрч гарч байгаад осол гаргадаг асуудао бий. Тэгэхээр хоёр дахь авто зам, мөн төмөр зам ашиглалтад орох ёстой. Энэ бүгд хийгдэж байж, Гашуунсухайт 24 цаг ажилладаг олон улсын боомт болно.

ШИНЭ МЭДЭЭ