2023.04.13
Б.Энх-Амгалан: Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдыг ажилд нь авах шийдвэр хэзээ хэрэгжих вэ
УИХ-ын хаврын чуулганы өнөөдрийн /2023.04.13/ хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг дэмжиж байгаа. Энэ бол цаг үеэ олсон хууль. Хоёр зүйл тодруулъя. Төрийн албаны зөвлөл шүдгүй арслан шиг боллоо. Говь-Алтай аймагт 180 гаруй төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас нь халчихсан. Төрийн албаны зөвлөлөөс 120 хүнийг эргэж ажилд нь оруулах шийдвэр гарсан ч одоо болтол нэг хүн ч аваагүй. Зарим нь гурван шатны шүүхээр яваад шийдвэр нь гарчихсан. Атал шүүхийн шийдвэрээ биелүүлдэггүй. Ажилд нь авдаггүй ээ.
Төсвийн хэмнэлтийн тухай хуулийнхаа дагуу хэмнэлт гаргаад орлогч, зөвлөхүүдээ чөлөөлье гэхэд чөлөөлдөггүй ээ. Төсвийн мөнгөөр цалинжуулаад яваад байдаг. Төсвийн мөнгөөр гараа угаадаг, төрийн болон орон нутгийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилж хувьдаа авдаг асуудал гаарлаа. Говь-Алтай аймагт. Үүнийг шийдэхгүй юм уу? Дүгнэлт гаргачихаад суугаад байх уу? Эсвэл цаашаа үргэлжлэхийг нь хүлээгээд байх уу. энэ асуудалд ямар арга хэмжээ авах юм. Тодорхой хариулт өгнө үү. Энэ бол төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал мөн биз. Ийм зүйл нэг бус удаа гарсан. Аудитын дүгнэлтээр 49 хуудас материал гарч ирсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийг үнэгүйдүүлж хувьчилсан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан алдаа дутагдлууд гарсан. ингээд байгаад байх уу.
Хоёрдугаарт гадаад харилцаатай холбоотой асар том алдаатай бодлого гаргасан. Аймгийн Засаг дарга Монгол Улсын Засгийн газрын бодлогыг Говь-Алтай аймагт буюу орон нутагт хэрэгжүүлэх ёстой хүн шүү дээ. Гэтэл Халимгууд, Буриад, Туваан ахан дүүсээ манай аймагт амьдар гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Хөршийн харилцаанд стратегийн иж бүрэн түншлэлтэй хоёр улсын харилцаанд сэв суулгах мэдэгдэл, мэдээлэл гаргасан. Нэг ёсондоо гадны улсын дотоод хэрэгт оролцсон. Энэ хүн ажлаа хийгээд, зүгээр байгаад байх уу? Энэ асуудалд төрийн албаны зөвлөл шийдвэртэй арга хэмжээ авах уу. Авахгүй юу? Эсвэл өөхшүүлээд яваад байх юм уу. Үүнд тодорхой хариулт өгөөч.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
2020-2024 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН УУЛЗАЛТАА ХИЙЛЭЭ
2024.05.03
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19