МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тавьсан асуултын хариуг сонсов
2023.04.18
Хүний эрх

УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тавьсан асуултын хариуг сонсов

Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “Ажлын хэсгийн дүгнэлтийг тодруулах тухай” тавьсан асуултын хариуг ХЗБХ-ны хуралдаанаар сонслоо.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг 2022 оны аравдугаар сарын 3-14-ний хугацаанд Монгол Улсад ажиллаж, төрийн албан хаагч, шүүгч, прокурор, хуульч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид болон бусад оролцогч талуудтай уулзаж, ярилцлага хийсэн байна. Тус ажлын хэсгээс “Дур зоргоор саатуулахаас хамгаалах эрхийг хангах тал дээр Монгол Улсын эрх зүйн орчин мэдэгдэхүйц сайжирсан. Цаашид уг эрхийг бататгах тал дээр зогсолтгүй урагшлах нь чухал” хэмээн дүгнэж 2023 оны аравдугаар сарын 14-ний өдөр хэвлэлийн бага хурал хийснийг Х.Нямбаатар сайд танилцуулсан.

Уг хэвлэлийн бага хурлаар танилцуулсан мэдээлэлд, Монгол Улсын Засгийн газраас олон шинэчлэл хийсэн боловч шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих асуудал онцгой тохиолдол гэхээсээ илүү жирийн үзэгдэл хэвээр байгааг дурдсан байна. Мөн цагдаагийн байгууллага хуульч байлцуулахгүйгээр иргэдээс байцаалт авдаг байдал хэвшмэл болсныг, мөрдөгч, прокурор асар их хяналтгүй эрх мэдэл эдэлж байхад талуудын тэгш байдлыг үл тоомсорлон шүүгчдэд зохих эрх зүйн бүхий л баталгааг хангаж өгөхгүй байгааг шүүмжилсэн байна. Мөн дагнасан шүүх байхгүй, шүүхийн боловсон хүчний хомсдол, ажлын хэт их ачаалал зэргээс үүдэн шүүхийн тогтолцоо асар их дарамтад орж байгааг шинжээчид онцолсон. Түүнчлэн “КОВИД 19” тахалттай тэмцэхэд хэрэглэж байсан хуулийн зохицуулалтыг оновчтой бус тайлбарласнаас эсхүл томьёолол нь тодорхой бус байснаас хүний эрх хамгаалагчдын хууль ёсны ажилд саад болох, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх, цуглаан эвлэлдэн нэгдэх, эрх чөлөөг хязгаарлахад ашиглагдаж болзошгүй байгаа талаар дүгнэсэн байна. Дээрх ажлын хэсгийн гаргасан мэдээлэлтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяагаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж ирүүлсэн асуултын тайлбарыг дараах байдлаар танилцуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах зохицуулалтыг тусгайлан хуульчилсан. Хуульд тусгайлан заасан тохиолдлын дагуу прокурорын хяналт дор, шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнийг баривчилдаг. Тодруулбал, сэжигтнийг гэмт хэрэг үйлдэж байх үед эсхүл үйлдсэн дор нь барьсан, хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд, мөн гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч хохирогч гэж шууд заасан, тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн зэрэг дөрвөн тохиолдолд мөрдөгч сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилдаг байна. Харин хойшлуулшгүй тохиолдлыг хүний амь нас эд хөрөнгөд ноцтой хохирол учрах, сэжигтэн, яллагдагч оргон зайлах, хэргийн ул мөр, эд мөрийн баримтыг устгах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгаа тохиолдлыг ойлгохоор хуульд тодорхойлсон. 2021 онд шүүхийн шийдвэргүй баривчилсан сэжигтний 14.3 хувийг гэмт хэрэг үйлдэж байх үед эсхүл тэр дор нь барьсан, 9.4 хувийг тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ур мөр илэрсэн тохиолдолд, 29 хувийг гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч хохирогч шууд заасан тохиолдолд, 47.3 хувийг хуульд заасан хойшлуулшгүй тохиолдолд баривчилсан бол мөн нийт 58132 хэрэг шалгаж, хойшлуулшгүй тохиолдолд 908 сэжигтнийг баривчилснаас 878 сэжигтнийг дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэргүйгээр баривчилсан талаарх тоон мэдээллийг Х.Нямбаатар сайд танилцуулав.

Хүний эрх, эрх чөлөөг хангаж мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийг нэг мөр хэрэгжүүлэх зорилгын хүрээнд дээрх сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр баривчлах ажиллагаа нь 24 цагийн прокурорын хяналт дор явагддаг байна. Харин хууль бусаар баривчилсан бол прокурор нэн даруй суллахаар хуульд заасан.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллага, төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг баримтлан албан хаагчдад ажлын үр дүнг дүгнэн, хууль тогтоомжид заасан урамшуулал олгодог. Харин сэжигтэн, яллагдагчийг олноор нь баривчилсан, цагдан хорьсон нь мөрдөгчийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлт болон цалингийн урамшуулал олгох үндэслэл болдоггүй гэдгийг асуултын хариуд мөн онцолжээ Хууль зүй, дотоод хэргийн яамнаас санаачлан боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ч, төсөл санаачлагчид нь буцаасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдсан байсан өөрчлөлтийн талаар танилцуулсан.

Сэжигтнийг баривчлах, яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үйл явц нь амралтын өдрүүд таарч, шүүхээр шийдвэрлүүлэхэд хүндрэл үүсэж, үүнээс улбаатай ялангуяа сэжигтнийг баривчлах хугацаа хэтрэх тохиолдол гарч болзошгүй байдаг. Үүнтэй холбогдуулан энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс шүүхийн зөвшөөрлийг амралтын болон бүх нийтийн амрах өдрүүдэд авч хэрэгжүүлэх тухай 24 цагийн шүүх ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгасан байжээ.Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт улс орны буюу тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд онц болон дайны байдал зарласан, гамшиг болон аюул тохиосон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаалт цуглаан хийхийг хориглохоор заасан байдаг. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт гудамж талбайд жагсаал цуглаан хийх тухай мэдэгдлийг сум дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлэхээр заасан.

Монгол Улсад 2020 онд 237, 2021 онд 178 удаагийн жагсаал цуглааныг иргэд олон нийтийн байгууллагаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөөгөө эдэлж, зохион байгуулж явуулсан бөгөөд цагдаагийн байгууллагаас Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас гаргасан шийдвэрийн дагуу “КОВИД 19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх зөвлөмж, шийдвэр, хуульд заасан үүргийн хүрээнд уул ажиллагааг болон оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах, олон нийтийн хэв журмыг сахиулах ажиллагааг явуулсан. Дур зоргоор баривчлах саатуулах асуудал хариуцсан ажлын хэсэг нь эцсийн дүгнэлттэй 2023 оны есдүгээр сард гаргаж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулах бөгөөд тус яамнаас 2022 оны арван нэгдүгээр сарын 4-ний өдөр Гадаад харилцааны яаманд ажлын хэсгийн дүгнэлт, тайлангийн төсөлд өгөх хариу тайлбар, тодруулгын эцсийн тайлан дүгнэлтэд тусгуулахаар хүргүүлсэн гэв.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан ажлын хэсгийн дүгнэлтийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын дээрх мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, С.Одонтуяа нар асуулт асууж, салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм.өгсгөлд нь,

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа үг хэлэв. Тэрбээр, Герман, Япон, Солонгос зэрэг улсууд сэжигтэн оршин суугаа хаяг нь тодорхой, оргон зайлах бодит үндэслэл байхгүй, ажил хөдөлмөр эрхэлдэг байвал аль болох ажлын бус цагаар баривчлахгүй байх, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс хамаарал бүхий хүмүүс сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулна гэдэг зохицуулалт байдгийг дурдсан. Монгол Улс энэ мэт туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Түүнчлэн, ХЭҮК-оос нийт баривчилгааны тодорхой хувь нь шаардлагагүй байдаг талаар тайлан гаргасныг тэмдэглээд, энэ тоог багасгах чиглэлээр бүх талууд анхаарч ажиллах, шаардлагатай бол хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх нь зүйтэй гэдэг санал хэлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ