МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн 41 улсын 2.1 сая хүн хэрэглэж байгаа протезын төслийг Монголд хэрэгжүүлэх санал тавив
2023.04.21
Гадаад харилцаа

Дэлхийн 41 улсын 2.1 сая хүн хэрэглэж байгаа протезын төслийг Монголд хэрэгжүүлэх санал тавив

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНЭУ, Их Британид үүрэг гүйцэтгэсэн туршлагатай дипломатчийн хувьд Монгол-Энэтхэгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө санаа тавьж явдаг нэгэн. Тэрбээр энэ удаа Эрүүл мэндийн сайдтай тодорхой хэд хэдэн асуудлаар санал солилцохоор уулзах хүсэлт тавьснаа хэлээд, С.Чинзориг сайдыг Энэтхэг улсад болох “Нэг дэлхий-нэг эрүүл мэнд” сэдэвт олон улсын хуралд оролцох урилгыг гардууллаа. Уг хуралд одоогийн байдлаар 90 гаруй улсаас 700 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 23 улсаас Эрүүл мэндийн сайд нь ирнэ гэдгээ мэдэгдсэн гэсэн мэдээллийг Элчин сайд өгөв.

Мөн БНЭУ хиймэл үе, протезын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд АНУ-ын Массачусетс технологийн их сургуультай хамтарсан Энэтхэгийн олон улсын судалгааны байгууллага амархан угсарч, суулгах протезыг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй суулгаж өгөх саналыг тавьсан. Уг судалгааны байгууллагыг өмнө нь Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан хүн удирддаг учраас Монголын өвчтөнүүдийг хамруулахаар ярилцсан бөгөөд тэрхүү амархан угсарч, суулгах протезыг АНУ-ын Массачусетс технологийн их сургууль, Стэнфордын их сургууль Энэтхэгийн сансрын судалгааны байгууллагатай хамтарч хийсэн. Хамгийн сүүлд Камбожийн хаант улсад 600 протез суулгасан, одоогийн байдлаар 41 улсын 2,1 сая хүн хэрэглэж байгаа энэ төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ЭМЯ-наас дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Төслийн хүрээнд БНЭУ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагч техникчийн баг ирж, өөрсдийнхөө зардлаар протезыг суулгаж өгнө гэсэн юм.  

Элчин сайдын тавьсан эдгээр асуудалд С.Чинзориг сайд хариулт өгч, Энэтхэг улсад болох “Нэг дэлхий-нэг эрүүл мэнд” олон улсын хуралд урьсанд талархал илэрхийлээд, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхэлж, хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д оруулахаар ажиллаж байгаа болон парламентын гишүүний хувьд зав зай муутай байгаа тул өөрийнхөө оронд Эрүүл мэндийн дэд сайдыг оролцуулах боломжтой гэв.

Протезтой холбоотой асуудлыг ч шийдэх боломжтой гээд, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засах төв нь протезын захиалга авч хийдэг байгууллага юм. Манай улсын хувьд протез хийж буй материал нь уян хатан бус хүнд хүний хөдөлгөөнийг хязгаарласан гэсэн асуудлууд байдаг. Таны санал болгож буй протезыг хөнгөн, хүний биед таатай,  орчин үеийн технологийг ашиглан хийсэн гэж ойлгож байгаа тул дэмжихэд бэлэн байна. Тиймээс манай яамны харьяа ГССҮТ болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засах төв зэрэг зэрэг байгууллага хамтран энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэв.


Түүнчлэн энэ уулзалтаас БНЭУ-аас оруулж ирж буй эмийн үнэтэй холбоотой асуудлыг ч ярилцсан юм.

ШИНЭ МЭДЭЭ