МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Эрдэнэ, Архуст сумдад тайлан уулзалтаа хийлээ
2023.04.25
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ц.Туваан Төв аймгийн Эрдэнэ, Архуст сумдад тайлан уулзалтаа хийлээ

Төв аймгийн Архуст сумын иргэдэд 2022 оны намрын чуулганаар баталсан хууль тогтоомж, 2023 оны хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өгч, тайлан уулзалтаа хийлээ. Архуст суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Архуст сум нь 1506 хүн амтай газар тариалангийн бүс нутаг юм. 1959 онд Ар Хустайн тэжээлийн аж ахуйг түшиглэн байгуулагдсан 60 гаруй жилийн түүхтэй.

Сумын ЕБС-д 218 сурагч 2 ээлжээр хичээллэж, 30 багш ажиллагсад ажилладаг. Сургуулийн шинэхэн тохилог дотуур байранд 36 хүүхэд сууж байна. Багш удирдлагууд ширээ сандлыг шинэчилж, компьютерийн асуудлыг шийдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид сургуулийн өргөтгөл, сантехникийн асуудал дээр анхаарч шинэ байртай болох асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй байгаа талаар санал хэллээ.

Сумын цэцэрлэгийн 3 бүлэгт 71 хүүхэд суралцаж, 14 багш ажилчид ажиллаж байна. Цэцэрлэг нь тохилог дулаахан, тоглоом сургалтын хэрэглэгдэхүүн сайтай, үйл ажиллагаа нь жигдэрсэн, явуулын гэр цэцэрлэг ажиллуулж байна. Эрхлэгч Х.Тодтуяа: Сум, орон нутгийн удирдлагууд биднийг маш сайн дэмждэг. Цэцэрлэгийнхээ дэргэд хүлэмжийн аж ахуй эрхэлж хүнсний хэрэгцээгээ хангадаг, явуулын цэцэрлэгт гал тогооны гэр хэрэгтэй байгаа тухайгаа танилцуулж байлаа.

Сумын ЭМТ нь 14 эмч ажилтантай, энэ онд магадлан итгэмжлэлээ сунгуулсан, тоног төхөөрөмжийн хангалт 94 хувьтай байна. Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хэвтэн эмчлүүлэгч өндөр настан Ж.Даваахүү гуайг эргэж санал сэтгэгдлийг нь сонслоо. ЭМТ-ийн дарга И.Бадамгарав: Боловсон хүчний дутагдалд орсон, энэ нь ЭМТ-ийн санхүүжилт буурсантай холбоотой, анхан шатны эмнэлэг хаалгаа барихад ойрхон хүнд нөхцөлтэй, цалин хөлс урамшууллаа олгож чадахгүйд хүрч байгаагаа дуулгаад холбогдох хүмүүстэй уулзуулж өгөхийг хүслээ.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан П.Дэлгэрмөрөн, Я.Долгорсүрэн, С.Алтанцэцэг, Р.Долгорсүрэн, Х.Көрпеш, С.Жадамба гуайнд зочлон амар мэндийг нь эрж, захиас сургаалыг нь сонслоо.
Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа. Уулзалтын үеэр Алтан гадас одонгоор шагнагдсан Я.Цэрэнбатад шагналыг нь гардуулж, Туваан сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр болон таяг хараагүй хүний таяг зэргийг хүлээлгэн өглөө.
Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.Уулзалтын үеэр иргэд: соёлын төвийн дээврийн асуудал, төрийн албан хаагчдыг орон байраар хангах боломжийн талаар, цалин, тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байгаа тул нэмэгдүүлэхэд анхаарах зэрэг саналыг хэлж байлаа.
 
Эрдэнэ суманд ажиллах үеэрээ иргэдтэй уулзан эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, азай буурлуудынхаа амар мэндийг эрэн золголоо.

Эрдэнэ сум нь 4000 орчим хүн амтай, 900 гаруй өрх айлтай бөгөөд 225 мянган толгой мал тоолуулсан байна. Сумын хэмжээнд зудын эрсдэлтэй хүнд өвөл болж мал сүргийн 6 хувь нь хорогджээ. 2022 онд аймгийн тэргүүний сумаар шалгарсан, МАА, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгон удирдлагууд нь иргэдтэйгээ хамтран орон нутгаа хөгжүүлэхээр ажиллаж байна.

Сумын ЕБС-д 618 сурагч суралцаж, дотуур байранд 185 хүүхэд сууж байна. Хичээлийн 2 байртай ба 60 багш ажилтан ажиллаж байна.
Сумын цэцэрлэг 200 хүүхэд, 28 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Зундаа явуулын цэцэрлэгт 100 гаруй хүүхэд хамрагдаж, багш ажиллагсад нь өөрсдөө цагаан идээгээ боловсруулан бэлдэж, жижиг хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тарьж хүүхдийн хоолонд хэрэглэдэг байна.

Сумын ЭМТ нь 3 их эмч, 1 бага эмч, 1 эх баригч нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. ЭМТ-ийн эрхлэгч эмч М.Түвшинбаяр: Шинээр баригдаж байгаа эмнэлгийн байрныхаа дотоод зохион байгуулалт, стандартад хяналт тавьж оролцох боломжгүй байгааг дурьдаад, сумын 5 багт 1 багийн эмч ажиллаж байгаа гэв. Хуучин байраа эмнэлгийн ажиллагсад болон төрийн албан хаагчийн байр болгохоор төлөвлөж байгаа бөгөөд эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт хүрэлцээтэй, эрт илрүүлгийн үзлэгийг сумандаа хийдэг болвол иргэдэд хүрэх талаар саналаа хэлж байв.

Суманд ажиллах үеэрээ өндөр настан Л.Үржинбадам, Л.Эрдэнэбаатар, С.Алтангэрэл, Г.Ганбаатар гуайнд зочлон амар мэндийг нь эрж, захиас сургаалыг нь сонслоо.

Иргэдтэй хийсэн уулзалтын үеэр намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаар танилцуулга хийж, хаврын чуулганаар хэлэлцэх Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хууль зэрэг зарим хуулийн төслийг танилцуулж иргэдийн санаа бодлыг нь сонслоо. Мөн ҮХНӨ-ийн зөвлөлдөх санал асуулгаас гарсан зөвлөмжийг танилцууллаа.

Уулзалтын үеэр Бүрэн сумын уугуул MARS-V төслийн тэргүүн Сүхбаатарын Эрдэнэболд иргэдэд төслийн талаар сонирхолтой танилцуулга хийлээ.

ШИНЭ МЭДЭЭ