МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.04.27

Г.Мөнхцэцэг: Бүс нутгийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2023-04-27/ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг:

Аялал жуулчлалаар эдийн засгийг яаж тордох, хөгжүүлэх вэ гэдэгт зарчмын зөрүүтэй олон санал харагдаж байна. Зарчмын хувьд уг хуулийг Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор дахин хэлэлцэгдэх болов уу гэж харсан.

Хуулийн үндсэн гол чиглэл Соёлын аялал жуулчлал руу явахаар нэлээн олон санал туссан байна. Зарим зүйл дээр Ж.Чинбүрэн гишүүний хэлсэнтэй санал нэг. Дэлхий нийт тэр чигээрээ соёлын аялал жуулчлалаар эдийн засгаа хөгжүүлж буй. Энэ хууль нэгэнт орж ирж байгаа учраас Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудтай хэрхэн холбогдож байгааг анхаарах хэрэгтэй. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай хэр зөрөлдөж байгаа вэ гэдгийг анхаарах шаардлагатай.

Хуулийн 5.3-д аялал жуулчлалын дараах бүтээгдэхүүн үйлчилгээнд хамрагдана. Зөвхөн урлаг, үзвэр үйлчилгээ, соёлын бусад үйлчилгээ гээд жижигхэн хүрээнд зааж өгсөн байна. Бүс нутгийн соёлын аялал жуулчлалын хөгжлийг анхаарах ёстой байгаа юм. Ялангуяа говийн бүсийн аялал жуулчлалд тусгайлан анхаарах нь зөв.

Говийн бүсэд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоо, нөхцөл хумигдаж байгаа. Учир нь уул уурхайтай холбоотойгоор тоногддог, дээрэмддэг, эртний сүм хийдүүдийн туурь устаж үгүй болох зэргээр олон зөрчил үүсэж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлж байна гээд хэдэн жуулчдыг Тэрэлж үзүүлээд явдаг зүйл орхигдсон. Тиймээс шинэ түвшинд гаргахын тулд бүс нутгийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой.

Түүний асуултад УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ