МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эмч, сувилагчийг чадавхижуулахад хамтран ажиллахыг хүслээ
2023.05.22
Гадаад харилцаа

Эмч, сувилагчийг чадавхижуулахад хамтран ажиллахыг хүслээ

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атешийг хүлээн авч уулзаж хоёр орны найрамдалт харилцаа, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Элчин сайд Зафер Атеш Монголд томилогдож ирээд хоёр жил болж байгаа бөгөөд манай улсын талаар харьцангуй ойлголт сайтай болсон нэгэн юм. Манай хоёр улсын хамтын ажиллагаа 1969 оноос эхлэлтэй ч түүх соёлоороо хэдэн зуунаар яригдах холбоо харилцаатай. Сүүлийн жилүүдэд найрсаг хамтын ажиллагаа улам тэлж, аялал жуулчлал, худалдааны эргэлт нэмэгдэж, хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн ч ихсэж, тус улсад эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар очих монгол иргэд ч цөөнгүй болсон.

2018 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Нийгмийн хамгааллын тухай” Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээрийг байгуулж БНТУ-д нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, төлж байгаа бүх иргэд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох, тэтгэврийг харилцан шилжүүлэх зэрэг нийгмийн баталгаагаа хангах боломж бүрдсэн юм. БНТУ-ын Засгийн газраас Туркийн Олон улсын хамтын ажиллагааны агентлаг-ТИКА-аар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хөгжлийн болон техникийн хамтын ажиллагааны дэмжлэг туслалцаа харамгүй үзүүлж ирсэн бөгөөд манай хоёр улсын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байгаа юм.

Хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, оношилгоо эмчилгээний чадавхыг сайжруулах чиглэлээр хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж, УНТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ зэрэг манай томоохон эмнэлгүүд Туркийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж буй юм. Элчин сайдад Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа өвчин эмгэгийг эх орондоо эмчлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх, дотооддоо хийж буй эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хөгжүүлэх, хүрээг нь өргөжүүлэх тал дээр хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын төсөл хамтран хэрэгжүүлэх, Туркээс нарийн мэргэжлийн эмч нарын мэргэшсэн баг ирүүлж ажлын байрны сургалт явуулах, хамтарсан судалгааны ажил хийх зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Түүнчлэн эмч, сувилагчийг ялангуяа хөдөө орон нутгийнхныг урт, богино хугацааны сургалтанд хамруулж чадавхийг бэхжүүлэх, шинэ технологи, эмчилгээний арга зүй эзэмшүүлэх, давтан сургах хэрэгцээ шаардлага байгаа тул энэ чиглэлд Турк улстай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарахыг Элчин сайдаас хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ