2023.06.09

Ц.Туваан: Олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн тэтгэврийг нэмэх үү

УИХ-ын чуулганы /2023,06,09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Туваан:

Гишүүд бүгдээрээ тойрогтоо ажилласан. Миний хувьд өмнө ч гэсэн тайлангаа тавиад ажиллаж байхад ярьдаг асуудлууд төсвийн тодотголын хүрээнд орж ирж байна. Өглөө манай Ардчилсан намын бүлэг дээр Б.Жавхлан сайд танилцуулгаа хийсэн. Тэндээс нэлээн мэдээллээ авчихсан. Гэхдээ тодорхой ярьж хэлэх хэдэн асуудал байна. Асуудлаа 7 багц асуудлын хүрээнд оруулж ирж байна.

Цалингийн жигд бус байдал, алагчлалтай байдлыг шийдэх шийдэлтэй тодотгол орж ирж байна. Хүмүүсийн маш их дургүйцдэг зүйл нь адилхан төрд ажиллаж байгаа. Ачаалал ойролцоо боловч бид нарын цалин ондоо байна гэдэг. Үүнд улсын бодлого буруу явж ирсэн. Хэн сайд байхаас шалтгаалаад тухайн салбарын цалингийн бодлого явсантай холбоотой зөрүүнүүд хөрөөний ир шиг гарсан гэж ярьж байна. Энийг тэгшигтгэх юм байна. Цалингийн доод хэмжээг 1 сая төгрөг болгоно гэж ойлгож байна. Энэ зөв үү гэдгийг батлаад асуучихъя.

Засгийн газраас зохион байгуулаад анхан шатанд төрийн үйлчилгээг үзүүлж байгаа бүх сум, багийн 1700 гаруй Засаг дарга нар Улаанбаатар хотод ирсэн байна. Тэдгээр хүмүүсийн цалин хэрхэн нэмэгдэж байгаа талаар тодорхой асууя.

Иргэд үнийн өсөлтийн талаар маш их ярьсан шүү дээ. Юмны үнэ өсөж байгаа чинь хоёр талтай харагдаад байгаа. Өөрөөр хэлбэл валютын ханш чангараад төгрөгийн ханш суларч байгаа. Импортын хамааралтай манай улсын валютээр авч байгаа юмны үнэ өсөөд буй. Үүн дээр ямар бодлого барьж явах юм бэ? Төгрөгийн ханш чанга байвал үнийн өсөлтийн тодорхой асуудал шийдэгдэнэ гэж бодогдоод байх юм.

Бүх тэтгэвэр авагчдын тэтгэвэр нэмэгдэж байгаа юу? Хоёр ялгаатай зүйл байгааг тодруулж өгнө үү? Мөн олон хүүхэд төрүүлсэн ээжүүд бий. Дөрвөөс дээш хүүхэд төрүүлээд хувь тэнцүүлсэн байдлаар тэтгэвэр авч байна. Энэ хүмүүсийн тэтгэвэр бага байгаа. Энэ хүмүүс чинь олон хүүхэд төрүүлж өсгөсний гор гэдэг шиг хамгийн бага тэтгэврээр явж байгаа. Үүн дээр ямар бодлого байна вэ?

Түүний асуултад ХНХ-ын сайд Х.Булгантуяа, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ