2023.06.15
Д.Өнөрболор: Төсвийн бодлогод зайлшгүй өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлагатай
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.15/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар орж ирж байна. Эдийн засагт төсвийн бодлого маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Зардлын тэлэлт эдийн засагт олон сөрөг үр дагаваруудыг дагуулах эрсдэлтэй буй. Өнгөрсөн хугацаанд төсвийн оновчгүй бодлогоос болж боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарт сөргөөр нөлөөлөх нөхцөлүүд байсан.
2000 оноос хойш зардлын бүтцэд өөрчлөлт орж ирээгүй. Нийт төсвийн 70 гаруй хувийг урсгал зардал эзэлж буй. Хөрөнгийн 20 гаруй хувийг хөрөнгийн зардал эзэлдэг. Төсвийн бодлогод шинэчлэл, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага цаг хугацаа ирсэн. Учир нь 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025, 2026 оны төсвийн төсөөллийг харахад өнгөрсөн 10-20 гаруй жил явж ирсэн зардлын бүтэц бараг тэр чигээрээ орж ирж байгаа.
УИХ-ын гишүүний 50 орчим хувь нь өргөн барисан төсвийн шинэчлэлийн хуулийн төсөл чуулганы хуралдаанд яагаад орж ирэхгүй байна вэ? Сангийн яам төсвийн хугацаанд явж ирсэн төлөвлөлт дээр үнэлэлт, дүгнэлт өгөөд, дуусаагүй барилга, ажил төсөл хөтөлбөрүүдэд анхаарал тавьж урагшилна гэсэн. Үүн дээр тайлан гаргасан уу?
Төсвийн шинэчлэлийн хууль бол маш чухал хууль. Нэлээн реформын шинж чанартай зохицуулалтууд орж ирэхээр байгаа. Тодруулбал, төсвийн төлөвлөлтийг сайжруулж, олон нийтийн хяналт тавих бүрэн боломжтой болж буй. Тал бүрээс нь хэлэлцэж нийтээрээ хяналт тавих зохицуулалтуудыг тусгасан. Мөн төсвийн бодлого тогтвортой байх тухай асуудал бий. Төсөв тогтвортой байх үндэс нь төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг бэхжүүлэх юм. Энэ зөвлөл хараат бус, улс төрөөс ангид, олон нийтийн дуу хоолой болсон мэргэжлийн бүтэцтэй ажилламаар байна.
Ингэснээр өр зээл тавигдах шаардлагыг өндөрсгөж нарийсгах, төсвийн бодлого тогтвортой болно. Төсвийн зарцуулалтад тавин хяналтыг олон нийтийн хяналтад оруулж хариуцлагыг сайжруулах олон талын ач холбогдолтой хуулийн төсөл гэж миний хувьд ойлгож буй.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо
2023.12.14