МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Олон Улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон баталлаа
2023.06.15
Гадаад харилцаа

Олон Улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.15/ нэгдсэн хуралдаанаар “Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2010 оны Нисэхийн аюулгүй байдлын Дипломат бага хурлаас иргэний нисэхийн эсрэг шинэ төрлийн аюул занал, хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх илүү үр дүнтэй арга хэмжээ авахад чиглэсэн эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлэх зорилгоор Олон улсын иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг баталсан. Тус конвенц нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд одоогоор 34 улс гарын үсэг зурж, 23 улс соёрхон баталж, 19 улс нэгдэн оржээ.

Энэхүү конвенцод олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд дурдаагүй орхигдуулсан зохицуулалтууд, түүнчлэн гэмт хэрэгт тооцох үйлдэл, ялын байдал, гэмт хэргийн оролцогчид, хэргийн харьяалал, гэмт этгээдийг шилжүүлэх, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх асуудлыг нарийвчлан тусгасан бөгөөд Монгол Улсын 1972 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр нэгдэн орсон “Иргэний нисэхийн аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай” Монреалийн конвенц, түүний нэмэлт Протоколоос давуу хүчин чадалтай юм.

Агаарын тээврийг либералчилж, нислэгийн тоо, чиглэлийг эрчимтэй нэмэгдүүлж байгаа энэ үед манай улс нь иргэний нисэхийн аюулгүй байдлын стандарт түвшинг олон улсын шинэчлэн сайжруулсаар байгаа стандарт шаардлагад нийцүүлэх, энэ төрлийн хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариуцлага хүлээлгэх тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нэгдсэн чуулганд танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ