2023.06.15
Эдийн засаг, Худалдаа
С.Одонтуяа: Мах, гурилын үнийг тогтворжуулах хуулийн хэрэгжилтийн тайлан гарсан уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.15/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцсэн асуудлаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Төсвийн талаар хэд хэдэн асуулт асууя. Ялангуяа 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд батлагдсан Их Хурлын тогтоол бий. Иргэдтэйгээ уулзахад зурагтаар эдийн засаг өсөж байна. Нүүрс их гарч байна, доллар их орж байна гээд сайхан зүйл ярих юм аа гэсэн. Гэвч ард иргэдийн хөргөгч хоосон, өр зээлэндээ баригдаж байна гэж ярьж байгаа юм.
ЗГ-аас мах, гурилын үнийг тогтворжуулна гэсэн хууль гараад хөнгөлөлттэй дэмжлэг, зээл үзүүлээд байхад яагаад үнэ өсөөд байгаа вэ? Энэ хууль хэр үн дүнтэй болсон бэ? Үүргээ хэрхэн гүйцэтгэсэн талаар аудитын дүгнэлт гарсан уу? Үнийн өсөлтийг хязгаарлахад нийт хэд хэмжээний зээл, дэмжлэг үзүүлсэн бэ? Түүхий нефтийн үнэ 40 гаруй хувиар буураад байхад шатахууны үнэ яагаад нэг ч төгрөгөөр буурахгүй байна вэ гэж иргэдийн зүгээс асуусан. 2022 оны дөрөвдүгээр сарын 15-нд батлагдсан хуулийн хэрэгжилтийн тайлан гарсан уу?
Би үндэсний статистикийн хорооны мэдээллийг авсан. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт маш хурдацтай буурч байна. 2000 онд 60,9% байсан бол 2022 онд 48% руу буурчихсан. Эмэгтэйчүүдийг бид яагаад дэмжих ёстой юм бэ гээд гадуур яриад байна. Гэтэл эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт 618 сая төгрөг төсөвлөсөн байгаа юм. Ийм байхаар яаж эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт нэмэгдэх юм бэ?
Эмэгтэйчүүдийн бизнест олгосон ЖДҮ-ийн зээл 9,7 тэрбум төгрөг. Арай доромжилж байгаа юм шүү! 9,7 тэрбум төгрөг чинь нэг авлигачийн гэрээс гарч байгаа шүү дээ. Хөгжлийн банк дээр эрэгтэй улс төрчид чинь 50, 60, 100 тэрбумаар нь зээл аваад байхад эмэгтэй бизнес эрхлэгчдэд 9,7-хон тэрбум төгрөг байна. 2023, 2024 онд эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжих ЖДҮ-д хэдэн төгрөг тавьсан юм бэ?
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.