Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор:
Байнгын хорооноос оруулж ирсэн квоттой холбоотой заалтыг ухарсан гэж хэлэхгүй ч бас урагшилсан ч хэмээн харахгүй байна. Миний хувьд хуучин байр сууринаасаа нэг сөөм ч ухрах бодолгүй байгаа. Үе шаттайгаар нэмэгдүүлж байгаа мэт боловч, практикаас харвал сонгуулийн хууль байнга өөрчлөгддөг. 2028 онд ч мөн адил өөрчлөгдөхгүй байх баталгаа алга. Н.Энхболд дарга аа өөрчлөгдөхгүй байх баталгаа бий юу?
Иргэний нийгмийн байгууллагуудын эмэгтэйчүүдийн дуу хоолойг дарга нар анхааралдаа аваач ээ!
Энэхүү шийдэл чинь олон арван мянган мэдлэг, боловсролтой эмэгтэйчүүдийн нүдийг нээж, оюун санааг сэрээлээ. Улс төр дахь эмэгтэйчүүдийн квотын асуудал дэлхийн дахинаа маргаантай асуудал байдаг. Нэг талаасаа эмэгтэйчүүдийг эелдгээр ялгаварладаг ч нөгөө талдаа ардчилал нь төгс систем биш ч гэлээ хүн төрөлхтөнд өнөөдөр үүнээс илүү систем байхгүй. Дэлхий нийтээр ардчиллын замаар хөгжиж байгаа нь үнэн. Үүнтэй адил улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд квотоос илүү арга зам байхгүй нь үнэн. Тэгэхээр квот гэгчийн хуулийн үзэл санаа нь 30 эсвэл 40 гэсэн тоондоо бус нэр дэвшүүлэх тухай асуудал юм. Улс орноо удирдан чиглүүлэх үйлсэд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад улс төрийн намууд, удигдагчид илүүтэй анхаарч, улс төрийн соёл гаргах, санаачилгатай байхыг хүсэх л юм бол 30 байтугай өсгөх боломжтой.
Миний хувьд улс, эх орондоо "хүчтэй" эмэгтэй гэж өөртөө итгэлтэй байдаг. Гэхдээ "эр" төвтэй засаглалын бүтэц дотор эмэгтэйчүүдийн үнэлэмж доогуур олон жил явсан. Энэхүү хэвшмэл ойлголтын эсрэг, аль нэг эмэгтэй асуудалд орвол нийт эмэгтэйчүүдийг ялладаг, нийгмийн хүлээн зөвшөөрч амжаагүй уур амьсгалын эсрэг, өнгөрсөн хугацааны шударга бус байдал, өчүүхэн эрх ашгаар том үнэт зүйлээ арилжаалсан хулгай дээрмийн бүлэглэл, ёс зүйн уналтын эсрэг улс төрд хүчин мөхөстөх мэдрэмж бодитой төрж байна.
Аль ч улсад мөс зүсэх, шинэ жишиг тогтоох түүхэн үүрэг гүйцэтгэх цаг хугацаа гэж бий. Өнөөдөр тэрхүү түүхэн цаг хугацаа гэлтэй. Бусдад боломж олгогч, шинэ зам мөр гаргагч улс төрч байх нь миний зарчим. Тиймээс ирээдүйд дараагийн үе болох олон мянган мэдлэг, боловсролтой эмэгтэйчүүдийг тэгш гараанаас өрсөлдөх замыг нь нээх түүхэн үүрэг ирж байна. Тиймээс өөрийн байр сууринаас ухрахгүй. Гарт байгаа боломжоо бусдад зориулахаас татгалзана гэдэг нь түүхийн өмнө хүлээх хариуцлага бөгөөд гарцаагүй ирж байгаа цагийг дэмжигч байх эсэх нь та бүгдийн сонголт юм.