МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохирлоо
2023.06.21
Гадаад харилцаа

Парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотноо хийхээр тохирлоо

Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2023.06.20) Александрын цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчдын” хөшөөнд цэцэг өргөсний дараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой албан ёсны хэлэлцээ хийлээ.

ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин уулзалтын эхэнд Монгол, Оросын найрамдал он цагийн шалгуурыг даван туулсныг онцлоод, өдгөө хоёр орны парламентын гишүүд хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллах нь зүйтэй хэмээсэн.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, шинэ боломжууд нээгдэж байгаа ч талуудын хооронд олон жил шийдвэрлэж чадаагүй асуудлууд хуримтлагдаж буйг тэмдэглэсэн. Тэрбээр, Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зурсныг дурдав.

Мөн тус комиссын анхдугаар хуралдаанаар хоёр орны худалдааны хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярилцаж, хоёр орны гүйцэтгэх засаглалын байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналаа илэрхийлснийг ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга дэмжлээ.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар “Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хамтын ажиллагааны комиссын үйл ажиллагааны зохицуулалтын тухай” баримт бичигт гарын үсэг зурснаар хоёр орны парламентын хамтарсан комисс байгуулагдав. Монгол Улсын Их Хурлын дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга нар парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотод 2023 оны 08 дугаар сард хуралдуулахаар тохирч, бэлтгэл ажлыг хангахуулахаар хоёр талын холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

Уулзалт, хэлэлцээнд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, Төрийн Думын Олон улсын асуудал хариуцсан хорооны дарга Л.Э.Слуцкий, Тээвэр, тээврийн дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Е.С.Москвичев, Аюулгүй байдал, авилгатай тэмцэх хорооны дарга В.И.Пискарев, Аялал жуулчлал, жуулчлалын дэд бүтцийн хорооны дарга С.А.Тарбаев, Өмч, газар, өмчийн харилцааны хорооны нэгдүгээр орлогч дарга С.Ю.Тен, Эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Н.В.Школкина, Төсөв, татварын хорооны нэгдүгээр орлогч дарга М.В.Щапов нар оролцлоо

ШИНЭ МЭДЭЭ