2023.06.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Б.Энхбаяр: Сайдаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд зөрчил болдог зөрчлийн шийтгэл зөрчлийн тухай хуульд байхгүй !

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд дэмжих нь зүйтэй. УИХ хэлэлцэх эсэх асуудлыг нь шийдвэрлэсний дараа БСШУБХ-нд харьяалагдаж явах байх. Ажлын хэсгийн хүрээнд байгуулж ажиллах явцдаа бусад дагасан хуулиудын асуудлыг анхаарах хэрэгтэй. Үүн дотор, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулах асуудалд би эргэлзэж байна. Заавал засгийн газрын дахин нэг сан байгуулснаар дэмжих шаардлагатай юм уу. Ингэхгүй бол хөгжихгүй байгаа юм уу. Хувийн хэвшил юм уу иргэний нийгмийн байгууллагын хүрээнд Соёлын үйлдвэрлэл эрхлэгчид нь өөрсдөө сангаа байгуулаад, үүнд нь тодорхой хэмжээний оролцоотойгоор явж болохгүй юу. Үүнтэй холбоотой гаалийн болон НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай асуудлууд орж ирсэн байна. Үүнийг Төсвийн байнгын хороон дээр анхаараач ээ. Нийт хэчнээн ААН-ийн хэдэн тэр бум төгрөгийн үйлдвэрлэлтэй холбоотой асуудлыг бид татвараас чөлөөлөх гээд байгаа юм.

Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах юм байна. Мэдээж энэ асуудал Хууль зүйн байнгын хороогоор орох байх. Үүн дээр заавал Соёлын сайдын зөвшөөрөлгүйгээр хувилан олшруулбал шийтгэх хариуцлага байх нь зохимжгүй. Нэг хүний зөвшөөрөл аваагүй бол тэр нь зөрчил болдог байж болохгүй. Үүнийг хэлэлцүүлгийн шатанд нь засах шаардлагатай. Сайдаас зөвшөөрөл аваагүй тохиолдолд зөрчил болдог зөрчлийн шийтгэл зөрчлийн тухай хуульд байхгүй. Дараагийн дагасан хууль дээр нь газрын хууль байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүс, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор болон паркийн зориулалтаар олгосон газарт газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх гээд байх шиг байна. Энэ маш ерөнхий байх шиг санагдах юм. Газрын хуулийн концефцтэй холбоотойгоор "соёлын уламжлал байгаа юм аа" гэж хэлээд л газрын татвараас чөлөөлөгдөх гээд байна. Эдгээр нь татвараас зайлсхийх асуудал руу их орж. Тиймээс дагасан хуулиудыг нухацтай авч үзэх ёстой гэсэн зарчмын санал байна.

ШИНЭ МЭДЭЭ