МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нугаар багийн иргэд нутгаа чөлөөлүүлэх хүсэлтэй байна
2023.06.26
Орон нутгийн хөгжил

Нугаар багийн иргэд нутгаа чөлөөлүүлэх хүсэлтэй байна

Отрын бүс нутгийн нөхцөл байдлыг судлах зорилгоор УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны дэргэд ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг болон холбогдох албаны хүмүүс Хэнтий аймгийн Нугаар багийн 100 гаруй иргэдтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Улсын хэмжээнд 780 мянган га газрыг хамардаг 9 отрын бүс нутаг байдаг бөгөөд Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутаг 192,8 мянган га талбайтай хамгийн том бүс юм. Үүний 74,8 мянган га газар Нугаар багийн нутагт байдаг. Нийт нутгийн 70 шахам хувь нь отрын бүсэд харьяалагддаг аж.

Энэхүү уулзалтаар багийн иргэд сум, багийн газар нутгаа чөлөөлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тодруулбал Нугаар багийн малчин Жигмэддорж: Отрын бүс нутгийн захиргаа тархи толгойгүй, бүс нутаг газрын гарц байхгүй боллоо. Малчид өвөл зуд болоход отрын бүс нутгийн хэсэг рүүгээ орж чаддаггүй. Нутгийн хүмүүс нутагтаа бэлчээргүй боллоо. Отрын бүс нутгийг цуцлах, хэсэгчлэн чөлөөлөх, сум дундын отрын бүс болгоход анхаарч өгнө үү. Отрын бүс нутаг сарлаг, адууны нутаг боллоо. Орсон малчид гардаггүй. Хог, сэг зэмээ хаяад явдаг анхаарч өгнө үү гэв.

Түүнчлэн Нугаар багийн малчин н.Цагаанхүү: Түүхийн дурсгалт газрыг сүйтгэж байна. Нугаарын малчид үр хүүхэд, залуу малчдаа бэлтгэх боломж алга. Өвөлжөө, хаваржааны газар тэдэнд олдохгүй. Оторчид, отроор ирж суурьшсан малчид мод бургас, торлогуудыг тасдаж, сүйтгэж хашаа барьж байна. Отрын бүс нутгийг чөлөөлж, эргээд нөхөн сэргээх ажил хийх хэрэгтэй. Цуцлуулаад тодорхой, түүхийн дурсгалт газруудаа тусгай хамгаалалтад авах санал уламжилъя гэлээ.

Сүүлийн жилүүдэд тууврын замаар малын гоц халдварт өвчин гарч байна. 300 гаруй төрлийн эмийн ургамалтай гэж яригддаг байсан нутагт мал тарга тэвээрэг авч чадахгүйд хүрлээ. Отрын малчид нутгаас гардаггүй. Бэлчээр эзэмших гэрчилгээ үйлчлэхгүй, хууль зөрчөөд байна. Манай багийнхан нутгаа чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэдгээ илэрхийлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ