МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуультай болно
2023.06.29
Эрүүл мэнд

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуультай болно

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг өнөөдөр (2023.06.28) Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар:

Улсын Их Хурлаас 2012 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй болохыг, хүн амын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэхээр тодорхойлсон.

Мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан ч нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэрхэн зохицуулах талаарх эрх зүйн орчин дутагдалтай хэвээр байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д “Нийгмийн эрүүл мэндийн төв нь нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааг аймаг, дүүргийн түвшинд зохион байгуулна” гэж заасан боловч хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндэсний тогтолцоо бүрэн бүрэлдээгүй, тусламж, үйлчилгээний төрөл, зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтгүй байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулж байгаа 1 ам.доллар нь ирээдүйд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд зарцуулах 40 хүртэлх ам.долларыг хэмнэнэ, эрүүл мэндийн салбарын нийт зардлын 30-аас доошгүй хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөдөг. Монгол Улсад эрүүл мэндийн нийт зардлын 19 хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулдаг. Салбарын нийт 50 мянга гаруй ажиллагчдын 1.9 хувь нь нийгмийн эрүүл мэндийн ажилтан байна.

Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин буюу сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна. Монгол хүний дундаж наслалт 2020 оны байдлаар 70.7 байгаагаас эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.2, эрэгтэйчүүдийнх 66.7 буюу 9.5 жилээр зөрүүтэй байгаа юм. Монгол Улс дэлхийд хорт хавдрын, ялангуяа элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар тэргүүлж байна. Хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн орчны эрсдэлт хүчин зүйлсийг арилгаснаар өвчлөл, нас баралтыг бууруулах боломжтой.

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношилгоо, шинжилгээнд 2022-2023 онд нийт хүн амын 30.8 хувь нь хамрагджээ. Хүүхэд бүрийг 9, 18, 36 сартайд нь эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгт хамруулан аливаа өвчин эмгэг, хөгжлийн хоцрогдлыг эрт илрүүлэх, 65-аас дээш насныхныг “Настны цогц үзлэг”-т хамруулах ажил бүрэн хийгддэггүй, 2022 онд 45,705 иргэн цэрэг татлагаар эрүүл мэндийн үзлэгт хамрагдсанаас 15,082 иргэн буюу гурван хүн тутмын нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд тэнцээгүй байна.

Иймд хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах, удирдах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааны хууль, эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх шаардлагатай хэмээн үзэж Засгийн газраас Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулжээ.

ШИНЭ МЭДЭЭ