МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023.07.06
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Хөгжлийн загвараа эргэж харж, сайжруулахгүйгээр үр дүнд хүрэхгүй

УИХ-ын чуулганы /2023,07,06/-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Уул уурхайгаас бусад бүх салбар 1,5 тэрбум долларын өр үйлдвэрлэж байна. Инфляц 13,5 хувь, урсгал данс 2,7 ихнаяд төгрөгийн алдагдалтай, санхүүгийн данс 1,5 ихнаяд, нөөц хөрөнгө 1,2 ихнаяд... Гадаад өр 3305 тэрбум доллар болж өр багасаагүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээллэг 2022 онд 900 сая доллар болж өссөн, Засгийн газрын өр 9 ихнаяд төгрөгөөр өссөн, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 835 тэрбум буюу 36 хувиар өссөн, халамжийн үйлчилгээнд 1,4 сая хүн хамрагдаж зардал 56,8 хувиар өссөн. Ядуурал болон ядуурах магадлалтай хүний тоо 42,5 хувиас буураагүй, баян хоосны ялгаа 2022 онд буураагүй. Гэмт хэргийн өсөлт 39 хувиар өссөн.Гадаад валютын нөөц 3,6 тэрбум доллар болсон боловч, хугацаа хэтэрсэн болон анхаарал хандуулах шаардлагатай зээлийн хэмжээ 12-13 хувь болж өссөн.

Өрийн үйлчилгээнд 1 ихнаяд төгрөг зарцуулсан байна. 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд 300 төсөл, арга хэмжээг 11,7 ихнаяд төгрөгөөр санхүүжүүлнэ гэсэн боловч 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Бид хуримтлал үүсгэж, бүтээн байгуулалт хийж чадахгүй байгаа. Бүтээн байгуулалт хийж болох зарим зүйлийг зөвхөн гадны зээл тусламжаар хийж байна. Төрийн болон төрийн өмчит компаниудын гадаад өр 45 ихнаяд байснаа 53 ихнаяд болж 8 тэрбум төгрөгөөр өссөн. Ийм үр дүнтэй төсвийн гүйцэтгэлийг ярьж байна. Хэдийгээр төсөвт хэдэн төгрөг нэмэгдэж цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаа ч Монгол Улсын эдийн засаг маш хүнд байна. Энэ бол энд байгаа хэдэн хүнийг шүүмжилж байгаа юм биш, өнгөрсөн хугацааны алдагдал, магадгүй энэ засгийн газар хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгааг үгүйсгэхгүй юм.

Үүнээс дүгнэхэд манай улсын хөгжлийн бодлогын загвар буруу байна. Манай хөгжил хариуцсан хүмүүс либерал загвар ярьдаг. Ганц энэ загвараар хөгжил ирэхгүй. Хуримтлал үүсгэж чадахгүй, хуримтлалгүй бол бүх ажил амин сүнсгүй болно. Бид баялаг дээрээ суурилсан төрийн оновчтой бодлого, манлайлагч нараараа удирдуулсан хуримтлал үүсгэдэг хөгжлийн хосолсон хөтөлбөр хэрэгтэй. Хөгжлийн загвараа эргэж харж, сайжруулахгүйгээр үр дүнд хүрэхгүй. Энэ байдал улам даамжирна, цаг алдахгүй дүгнэлт хийх ёстой.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ