МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав
2023.07.06
Гадаад харилцаа

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атешийг өнөөдөр (2023.07.06) хүлээн авч уулзлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Монгол Улс, БНТУ-ын харилцаа идэвхтэй өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд ялангуяа боловсролын салбарт манай улсын оюутнууд БНТУ-д тэтгэлгээр суралцаж, жилд дунджаар 70 гаруй оюутан хамрагдаж ирсэн ч сүүлийн жилүүдэд бага зэрэг буурч байгаад ноён элчин сайдыг анхаарал хандуулж ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын хувьд “гуравдагч хөрш”  БНТУ нь онцгой ач холбогдолтой. Манай улсын иргэд БНТУ-д аялаж жуулчилж, худалдаа бизнес эрхэлж, эмчлүүлж, турк хүнтэй гэр бүл болох зэрэг харилцааны олон түвшинд олон талт харилцаа үүсэж буй тул анхаарч ажиллахыг хүсэв. Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа БНТУ-ын агаарын тээврийн Туркиш Эйрлайнс компаний Монгол Улс, БНТУ-ын хооронд дахь нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, долоо хоногт нисэх нислэгийн тоог нэмэгдүүлж байсан талаар дурдаад энэ нь хоёр орны иргэд харилцан аялж, жуулчлах боломжийг олгосон явдал болсон юм гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, дэлхийн олон оронд, тэр дундаа Монгол Улсад тохиолдож буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд БНТУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Монгол Улс, БНТУ нь бие биендээ хүнд цаг үед харилцан тусалж ирсэн бөгөөд Турк Улсад болсон газар хөдлөлтийн үед монголын ард түмэн хандив тусламж цуглуулж илгээсний дотор Улсын Их Хурлын гишүүд өөрсдийн санаачилгаар 30 ширхэг гэр хандивласныг дурдан байгалийн давагдашгүй хүчин зүйл, гамшигт үзэгдлийг хамтдаа даван туулахад хоёр орны олон талт харилцаа, хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтойг онцоллоо.

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, БНТУ-ын Парламентын Байнгын хорооны даргын мэндчилгээг уламжлав. 2023 оны тавдугаар сард БНТУ-д Парламентын сонгууль болж, шинэ парламент бүрэлдэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хоёр орны парламентын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Байнгын хорооны гишүүдийн харилцан айлчлалыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн түүнчлэн суралцах, боловсрол эзэмших сонирхолтой хэнд ч БНТУ нээлттэй бөгөөд, тодорхой тоо тавьж хязгаар тавьдаггүй, иймд элчин сайдын хувьд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ. Ноён Элчин сайд Зафер Атеш хоёр орны иргэдийн харилцан зорчих, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр анхаарч, агаарын тээврийн Туркиш Эйрлайнс компани 2023 оны Гуравдугаар сараас долоо хоногт 4 удаа нислэг үйлддэг болсон талаар танилцуулав. Турк Улсад болсон аймшигт газар хөдлөлтийн үед Монгол Улсын ард иргэд, Засгийн газар тусламжийн гараа сунгаж байсанд гүн талархал илэрхийллээ 

ШИНЭ МЭДЭЭ