МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2023.10.27
Орон нутгийн хөгжил

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд 6 аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв баригдсан бөгөөд Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааг өнөөдөр нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, агентлагийн албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд, иргэд, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллах үедээ хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ урам зориг өгөх зорилгоор энэ төвийн нээлтэд биечлэн оролцож байгаагаа онцлон хэлсэн.Монгол Улсад 115  мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 67 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байгаа бөгөөд үүнээс Хөвсгөл аймагт 6000 гаруй нь аж төрж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд төрийн үйлчилгээг тухайн орон нутагт нь үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн түгээмэл загвар бүхий энэхүү төвийн барилга, тавилга, техник, тоног төхөөрөмжийн хамт хүний нөөцийг нь сурган мэргэшүүлэхэд Хөвсгөл аймагт 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.

Төвийн нээлтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн А.Оюунчимэг сэтгэгдлээ хуваалцсан бөгөөд хөгжлийн бэршээлтэй иргэд өөрт хэрэгтэй үйлчилгээгээ орон нутагтаа авах боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.

Төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдэд аль болох амьдралынх нь эрт үед хөгжлийн дэмжлэг үзүүлэх, хувь хүний онцлог, амьдралын хэв маягт тохирсон туслах бүтээгдэхүүнээр хангах, бие даан амьдрах чадварт сургаж, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн болон нийгмийн сэргээн засахын тусламж үйлчилгээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгэмд бусдын адил идэвхтэй оролцох, хөдөлмөр эрхлэн ажил орлоготой амьдрахад нь дэмжлэг үзүүлж, бүсийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ