2023.10.26
Хууль, эрх зүй
Л.Мөнхбаатар: Цагдан хорих, баривчлах ажлыг хэрэгжүүлэх дагнасан, мэргэшсэн шүүхтэй болох боломжтой юу?
УИХ-ын чуулганы /2023,10,26/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:
Сэжигтнийг баривчлах, яллагдагчыг цагдан хорихтой холбоотой асуудал дээр хүний эрхийг хангах, шүүхийн хяналт тасралтгүй байх гэсэн үндсэн зарчмуудыг оруулж ирсэн өөрчлөлтийг дэмжиж байна. Гэхдээ үүн дээрээс тодруулах зүйл байна.
Сэжигтнийг баривчлах ажиллагаа хоёр талын сонирхол дээр явагддаг. Нэг талаас, тухайн гэмт хэрэгтнийг нэн даруй баривчлах, дараагийн гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх гэхчлэн хууль хяналтын байгууллагуудын нэг сонирхол байна. Нөгөө талдаа хүний эрхийг хангах гол сонирхол байна. Энэ хоёрыг тэнцвэртэйгээр авч үзэх ёстой!
Шүүхийн хяналт тасралтгүй байх зарчмыг оруулж ирж байгаа нь зөв. Өмнө нь шүүхийн харьяаллыг тодорхой хуульчилж өгөөгүй, гэмт хэрэг гарсан газар нь аль эсвэл АТГ, тагнуул, дүүрэг гэх зэргээр явдаг. Энэ асуудлыг тодорхой заагаад явж байгаа юм байна.
Бүх шүүхээр байх эсвэл дагнасан шүүгчтэй болох асуудлыг та бүхэн хэрхэн харж байна. 24 цагаар суудаг, мэргэшсэн шүүгчтэй болох асуудлын зохицуулалт руу орвол яасан юм? Прокурор бол 24 цагаар ажиллаж байгаа. “Прокурор нь мөрдөгчийн саналыг үндэслэнэ, цагдан хорих хугацааг сунгах саналаа даруй шүүхэд хүргүүлнэ” гэсэн байна. Даруй гэдэг нь чухамдаа хэдэн цагийг хэлж байна. Үүнийг тодорхой заах хэрэгтэй байна.
Шүүхийн шатанд шүүгдэгчийн цагдан хорих хугацааны эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-ийн 10 дугаар зүйлд заасан яллагдагчийг цагдан хорих нийт хугацаанд хамаарахгүй гэж байгаа юм. Ингэхээр хүний эрх зөрчигдөх юм биш үү. Үүн дээр хариулт өгнө үү.
Түүний асуултад, Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
ТӨРИЙН ДЭЭД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА
2024.09.22