Монгол, Канадын Засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалт боллоо
Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалтын Х хуралдаан өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
Энэхүү уулзалтаар хоёр талын улс төр, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, Канадын Засгийн газраас хэрэгжүүлдэг Хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудын талаар хөндөж ярилцлаа. Мөн үеэр Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар танилцуулж, тус улсын хөрөнгө оруулалтыг уул уурхайгаас бусад салбарт нэмэгдүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Өнгөрсөн онд Монгол Улс, Канад Улс хоорондын худалдааны эргэлт 23.3 сая ам.доллар байсан бол энэ оны эхний 9 сарын байдлаар 26,8 сая ам.доллар болж өссөн байна. 1990 оноос хойших дүнгээр нь авч үзвэл, Канад Улсаас Монгол Улсад нийт 10.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг геологи, уул уурхай, худалдаа, нийтийн хоол, банк санхүү болон бусад салбарт хийсэн аж.
Тус уулзалтыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Канад Улсын Гадаад хэргийн Энэтхэг, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах дэд сайд Уэлдон Эпп нар даргалж оролцов. Канад Улс нь Хойд Америкийн орнуудаас Монгол Улстай хамгийн анх дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна.