Ж.Батсуурь: АН-ынхан муудалцаад нийгэмд ямар гай тарьчихсан юм, МАН-ын эв түнжин манайхаас дор
2023.11.10
Улстөр

Ж.Батсуурь: АН-ынхан муудалцаад нийгэмд ямар гай тарьчихсан юм, МАН-ын эв түнжин манайхаас дор

УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Соёлын төвийг ад үзээд байгаа хүмүүсийг “амьдралаас хол тасарчихсан байна” л гэж хэлмээр байна-

-800,889,400,000 төгрөгийн төсөвт өртөгтэй 240 тэрбумын санхүүжих дүнтэй 212 төсөл арга хэмжээ шинээр нэмсэн гэж МАН-ын зарим гишүүд шүүмжилж байна. Энэ асуудлыг сөрөг хүчин анзаараагүй юм уу. Та ямар байр суурьтай байна вэ?

-2024 онд шинээр тавьж байгаа хөрөнгө оруулалт дээр 2023 оны он дамжсан хэрэгжих шилжих төслүүдийн хөрөнгө оруулалтын жагсаалт орж ирэхээр ингэж харагдаад байгаа юм. Түүнээс биш Байнгын хорооны хуралдааны дараа шинээр нэмэгдүүлж оруулж ирсэн ноцтой зүйл үүсээгүй л гэж харж байна.

​Ирэх 2024 оны төсвийн төсөл хугацаандаа өргөн баригдсан. 2016 оноос хойш байнга алдагдалтай баталж ирсэн. Зарим нь нүүрс, алтаа өөдрөг төсөөлөлтэй тавьсан байна гэж ярьж байгаа. Би өөрөө санхүүгийн чиглэлийн хүн. Ер нь сонгуулийн жилийн төсөв дандаа л өсөж батлагдаж ирсэн муу зуршилтай байдаг. Мэдээж харах, анхаарах учиртай зүйлс зөндөө бий.

-УИХ-ын дарга нь санал хураалтыг удирдахгүй гээд чуулганы хуралдаанаар орхиод гарсан.

-МАН-ын бүлэг дээр улсын төсөв зангидагдаж орж ирж байгаа шүү дээ. Тэдний бүлэг доторх л зөрчлүүд бий. Түүнээс биш процедурын алдаа бол гараагүй. Тийм байх боломж ч байхгүй. Эрх баригч нам хоорондоо байнга л толхилцож байдаг шүү дээ.

-УИХ-ын гишүүдийн тойргоо услах мөнгийг гурван тэрбум гэж тохиролцсон байна. “Үүн дээр саналаа өгөөд дахиж Байнгын хороод дээр зарчмын зөрүүтэй санал гаргахгүй шүү” гэдэг тохиролцоо явсан байна шүү дээ?

-Тойргийн мөнгө гэж дээ. УИХ-ын гишүүний хувьд ирж байгаа нэг ч төгрөг байхгүй. мэдээж УИХ-ын гишүүн гэдэг нэг талаас улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ажиллах ёстой. Нөгөө талаассонгогдсон тойргийнхоо асуудлыг шийдэх зүй ёсны шаардлага байна. Орон нутагт асуудал их байна. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг гэх мэтчилэн. Жишээ нь манай тойргын зарим сумдад 21-р зуунд гэр цэцэрлэгтэй хэвээр байгаа асуудал ч байна. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль байна. Тиймээс цэцэрлэг, сургуулиа бариулъя гэж санал гаргадаг. Юу нь буруу байх вэ. Зарим хүмүүс Соёлын төвийн барилгыг их буруушааж дайрдаг. Би бол эсрэг байр суурьтай хүн.

-Соёлын төвийн барилгад хэтэрхий их мөнгө төсөвлөдөг нь үнэн л дээ.

-Хаа хол 500, 1000 км газраас сайд, дарга нар, орон нутгийн удирдлагууд, салбар бүрийн мэргэжилтнүүд сумын төвийн иргэдтэй уулзах гэж очдог. Айлын гэр, давчуу ЗДТГ-ын өрөөнд уулзахгүй нь ойлгомжтой. Соёлын төвдөө л цугларна шүү дээ.

​Хөгшид ахмадын бүжиг танц, хүүхэд багачуулын урлаг соёлын арга хэмжээ, одонгийн найр, элдэв уралдаан тэмцээн, хурим гэхчлэн бүх л зүйл Соёлын төвд болж байна. Соёлын төв нь орон нутагт зүгээр нь байшин, барилгаас өөр өргөн агуулгатай гэдгийг суманд, орон нутагт амьдарч үзээгүй хүмүүс ойлгохгүй байна. Соёлын төв нь хоорондоо уулзах, мэдээлэл солилцох, нийгмийн харилцаанд орох, соёлын үйлчилгээ авах олон зориулалтын платформ болчхоод байна. Харин цаашид соёлын төвийг хурал зөвлөгөөн, спортын арга хэмжээ, зайн болон танхимын сургалт, хүлээн авалт, үзэсгэлэн зэрэг олон зориулалтаар ашиглаж болох шинэ төлөвлөлтөөр хийж, ашиглалтын түвшинг дээшлүүлэх шаардлага бий.

​Өнөөдөр аливаа зүйлийг эсэргүүцэхээрээ эргэж харагдахгүй болтол нь буруутгачхаж байна.

-Төсвийг задалж харвал өөхөн дотор хийсэн хор шиг зүйлүүд байна. Бид чадлаараа л хэлсэн-


-УИХ-ын гишүүдийн тойргоо услах гурван тэрбумыг ч дэмжиж байна гэж ойлголоо?

​-Өөрийнхийгөө дэмжүүлэхийн тулд бусдынхыг харлуулж болохгүй. Төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй байх боломж бий юу гэвэл бий. Хуучин ес, арван яамтай байж болдог л байлаа. Гэтэл өнөөдөр 22 сайдтай болчихлоо. Үүнийгээ тавин хувиар тана л даа. Төсөв дагасан хуулиар сайд хүртэл үйлдвэрлэж байна шүү дээ. Ноднингийн төсвийн хуулиар Шадар сайд үйлдвэрлэсэн. Энэ жилийн төсвийн хуулиар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг Ерөнхий сайдын мэдэлд өгчхөж байна. Ийм л зүйлүүд байна. Би гэхдээ зөвтгөж эсвэл буруутгаж зөвхөн нэг талаас хармааргүй байна. Төсвийг задалж харвал өөхөн дотор хийсэн хор шиг зүйлүүд байна.

Төсвийн зардлын тархалт аймаг сумдад жигд байх ёстой. Аль хөөцөлдлөгөө сайтай нь тойрогтоо их, мэдээллээс хол байгаад нь бага хөрөнгө хуваарилдаг асуудал байдаг. Энэ байдлыг л тэгшитгэх зорилготойгоор гурав, эсвэл дөрвөн тэрбумын хязгаартайгаар санал авч байгаа гэж ойлгож байна. Тойрог нь гэр цэцэрлэгтэй, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг болиулж “цэцэрлэг, сургууль бариулъя” гэж байгаа УИХ-ын гишүүний буруу гэж юу байх вэ. Өнөөдөр 150 хүүхдийн цэцэрлэг барихад л 3-4 тэрбум төгрөгийн өртөгтэй. Сум бүрд цэцэрлэг хэрэгтэй гэж үзвэл нэг цэцэрлэгийн мөнгө л УИХ-ын гишүүдийн тойрогт хуваарилах асуудал л яригдаж байна. Нэг талаараа ийм. Нөгөө талаараа дарга, сайд нарын гадаад дотоод томилолт, хэвлэлүүдэд өгөх хаалтын гэрээний мөнгө гэхчлэн өөхөн дотор боочихсон зүйлсийг задалж ярих л ёстой байх

Хөрөнгө оруулалтууд үр өгөөжтэй, гүйцэтгэл нь хугацаандаа хийгддэг байх шаардлагатай гэх мэтчилэн олон асуудал байна. Зарим хөрөнгө оруулалтын ажлууд янз бүрийн шалтгаанаар ашиглалтад оролгүй олон жил болдог, захиалагч, гүйцэтгэгчид нь хэл амаа олдоггүй хаягдсан объектууд ч зөндөө байна. Эдгээрийг шийдэх, дахиж ийм асуудал гаргахгүй байх талаар бүх талууд анхаарах ёстой.

-Сөрөг хүчин хэтэрхий хүлцэнгүй байгаа юм биш үү. Жишээлбэл, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж дорвитой дуугарсангүй. Нийгэм рүү хандаж шүгэл үлээсэнгүй. Та бүхэн ч чимээгүй байсан гэдэг шүүмжлэлтэй санал нийлэх үү?

-Б.Пүрэвдожийн асуудлыг чи Б.Пүрэвдоржоос нь л очиж асуух хэрэгтэй. Бид чадлаараа л хэлсэн. Миний хувьд гэхэд л төсвийн хуулийг дагаж орж ирсэн газрын тухай хуульд бүх эрх мэдлийг татах гэж байсныг татуулсан. Эрүүгийн хуулийн нэмэлтэд орж ирсэн болохгүй заалтыг ч татууллаа. Төрийн албаны тухай хуульд төрийн алба хаагчийг тухайлбал “суманд дөрвөн жил ажилласан бол дөрвөн жилээр нь, Улаанбаатараас орон нутагт очиж ажиллавал 1.5 жилээр нэмнэ” гэх Үндсэн хууль зөрчсөн заалтыг татуулсан. Сөрөг хүчнийхээ ажлыг чадлаараа л хийж байна.

Гэхдээ өнөөдөр эрх баригчид бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хаалтын гэрээтэй байна. Яг үнэнийг хэлэхэд бидний ярьсан зүйл орой нь радио, телевиз, сайт, сониноор харагддаггүй.

-Тийм үү?

-МҮОНРТ монголын ард түмний татвараар ажилладаг. Гэтэл Сүхбаатарын талбай дээр харваас хуучин автобус байсаар байхад шинэ гээд л мэдээлж байгаа юм. Үхсэн хүнийг амьд байна гэж байгаатай адил. Аль болгоныг ярихав. Бид арай цөөн байна. Цөөн учир дуу хоолой хүрэхгүй. Хүрэхгүй байгаа учраас ярихгүй байна гээд байх шиг байна. Яриад л байгаа шүү дээ.

-Даргыг биш дандаа гүйцэтгэх алба хашиж байсан чадалтай залуусыг шоронд хийгээд байна-


-Уржигдар шөнө Төсвийн байнгын хороо шөнө дөлөөр хуралдаж, ахмадуудын тэтгэврийн 100 мянган төгрөгийн нэмэгдлийг сайд нарын багцаасаа хасаж шингээх гэж багагүй удлаа. Сонгуульд зориулсан энэхүү нэмэгдлийг эсэргүүцэж байна уу, дэмжиж байна уу. Танай намын байр суурь ямар байна вэ?

-Үнэхээр хоёр талтай. Тэтгэвэр хүрэхгүй байгаа нь үнэн. Тэтгэвэр, цалин нь амьдралд нь хүрэлцэж байгаа нэг ч хүн байхгүй. Нэмэх гэж байгаа нь зөв боловч сонгуулийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлэх гэж байгаа нь олон нийтийн зэвүүцлийг хүргээд байх шиг байна. “Сонгуульд зориулж өмнө нь өгөх гэж байгаа нь буруу” гэж хэлэхээр “Энэ тэтгэврийг эсэргүүцэж байна” гээд л мушгина. Эсвэл “АН-ынхан ийм мэдрэл муутай юу, өөрсдөө тийм их мөнгөтэй юм уу” гэж л хэлнэ.

Сүүлдээ хэвлэл мэдээллийнхэн ч дураараа мушгидаг болчихлоо. Ярилцлага өгөхөөр агуулгыг нь биш ганц үг өлгөж аваад л мушгидаг болсон. Одоо энэ ярилцлага ямар гарчигтай гарахыг би сайн мэдэхгүй байна. Гэтэл би яг чин сэтгэлээсээ ярьж байгаа байхгүй юу. Хандалт авах гэдэг болохоос агуулгыг, хүний үзэл бодлыг, сэтгэлийг нийгэмд хүргэчихье гэдэг зүйл ховор байна. Өдөржин ярьж байхад 30 секундийг нь тасдаж аваад л цацдаг болж. Асуудал үүнд л байгаа юм. Тиймээс л би ярилцлага өгөх дургүй байдаг. АН-ын 11 хүн яривал 30 минут л болно. МАН-ыг 60 гаруй хүн яривал өдөржин болно. Хүчний тэнцвэр байхгүй.

-Төсөв дээр өөр хэлэх зүйл алга уу?

-Авлига, хээл хахууль төрийн өмчит компаниудад байна. Ардчилсан, зах зээлийн эдийн засагтай улс нийгмийн баялаг, татварынхаа 60, 70 хувийг хувийн хэвшлээс олох ёсгүй. Тэгэхгүй өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр” гээд баахан дэд дарга, орлогч, ТУЗ-ийн гишүүдтэй байна. Тэгээд тэднийгээ бидний хүсээгүй, сонсоогүй мөнгөөр цалинжуулдаг. Тэднээрээ сонгуулийнхаа мөнгөө босгуулдаг. Тэр нь өөрөө авлига болдог. Энгийн иргэн нь ял зэм авч, дарга сайд байсан хүмүүс нь 40 саяар торгуулаад л салж байна. Ингээд ярих юм бол түм буман асуудал байна.

-Ял зам авч гэснээс сүүлийн үед цахим орчинд яригдаж буй халуун сэдэв нь “танай намын залуусыг шүүхээр оруулж, эхнээс нь ял өгч байна” гэх асуудал. Тухайлбал, Хөгжлийн банкны хэргээр Ч.Отгочулуу ял сонсчихлоо?

-Үнэхээр харамсалтай байна. 60 тэрбум, ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хэрэг бүгд ардын намынх. Эднээс ял авч байгаа хүн байхгүй. Даргыг биш дандаа доор нь гүйцэтгэх алба хашиж байсан чадалтай залуусыг шоронд хийгээд байна. Дэглэмээ авч үлдэх гэсэн л асуудал.

Нэг муухай нь МАН-аас хоёр албан тушаалтны нэр хэлэхдээ АН-аас заавал нэг хүний нэр хавчуулж байх жишээтэй. “АН бидэнтэй адилхан муухай” гэсэн байдлаар харуулах гэж улайраад байна. 2016-2020 онд асуудалд холбогдсон хүмүүсийг 2024 онд шүүгээгүй байгаа нь өөрөө шударга бус байна шүү дээ. Өөрсдийнх нь хэрэг гараад ирэнгүүт сандраад шуугьж эхэлдэг, эсвэл өөр сэдэв гаргаж ирээд нийгмийн сүлжээгээр сэвж эхэлдэг.

-Манай нам одоо жигдэрч байна. Сонгуульд амжилттай оролцоно-


-Танай нам дотооддоо хэр эв түнжинтэй байна вэ. Учраа олцгоов уу. Сонгууль болоход хагас жил л үлдлээ?

-Манайх одоо жигдэрч байна. Ардчилсан намын бүх сайн муу нь ил байдаг болохоор намайг ярьсан яриагүй та нар бүгдийг нь мэдэж байгаа шүү дээ. Сонгуулийн бэлтгэл ажилд орчихсон. Сонгуулийг наашлуулж бас хойшлуулж чадахгүй. Бид хуулийг нь өөрсдөдөө тааруулж өөрчилж чадахгүй. Баталсан хуулийнх нь дагуу л оролцоно. Амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байгаа.

-Одоо хүртэл намын даргаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа асуудал бий. Олон фракц дундын зөрчилдөөн?

-Тэр тэгээд бусдад ямар хамаатай юм бэ. Жишээлбэл, МАН-ын зодооныг ер ярьдаггүй. АН-ынх ил байдаг. Айл гэрт ч таарч тохирдоггүй хүмүүс байж л байдаг. Бүгдийг тааруулах гээд хаачих юм. Ардчилсан намынхан муудалцаад нийгэмд ямар гай тарьчихсан юм бэ. Ямар ч гай тариагүй.

-Нийгэмд гай тариагүй ч, нэг нам эрх бариад удаж байгаа энэ цаг үед нэгдэж нийлээсэй, хүчирхэгжээсэй, чанга сөрөг хүчин болоод босоод ирээсэй гэсэн нийгмийн хүлээлт гэж зүйл байна шүү дээ?

-Харин тэгээд босох гэж байна. МАН шиг “та нар дуугүй бай” гээд бүхнийг хаалттай байлгаж байгаа биш. МАН манайхаас илүү хагаралтай, эв түнжингүй байна. Хотын дарга, ногоон автобусыг хар. Гэхдээ ил гаргахгүй байна шүү дээ, наадуул чинь. Манай муудалцаан бол нууц биш. Эхнэр, нөхрийн хөнжил гудасны асуудал ярих гэж байгаа биш юуг нь нууцалдаг юм. Хэн, ямар санаа бодолтой байгаагаа ил яриад явж байна.

-Намын генсекийн нэр оруулж ирэх хүн нь Л.Гантөмөр. Гарыг нь бариад, амыг нь үдээд үдчихсэн биш-


-Генсекээ томилохгүй удчихлаа?

-Манай намын дүрмээр генсекийн нэрийг оруулж ирэх бүрэн эрх намын даргад байдаг. Тиймээс өөр хүн үүнийг ярих нь илүүц буюу зохимжгүй асуудал.

-Намын дарга Л.Гантөмөр яагаад оруулж ирэхгүй байгаа юм бэ, тохиролцохгүй байгаа биз дээ?

-Мэдэхгүй. Өөрөөс нь асуу. Хүний дотоод бодлыг би мэдэхгүй.

-АН-ын Тэргүүн Дэд дарга С.Баярцогтыг өөр нэр шахаад тохирохгүй байгаа гэх мэдээлэл бий?

-Хэн ч хэнийг ч шахаж болно. Би ч өөр хүнийг нэрлэж болно. Гэтэл нэр оруулж ирэх хүн нь Л.Гантөмөр юм чинь. Гарыг нь бариад, амыг нь үдээд байгаа зүйл байхгүй.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ