МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“МӨНХ-Шинэ хөдөөгийн сэргэлт” сэдэвт УИХ-ын гишүүд болон эрдэмтэн, судлаачид оролцсон уулзалт боллоо
2023.12.05
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“МӨНХ-Шинэ хөдөөгийн сэргэлт” сэдэвт УИХ-ын гишүүд болон эрдэмтэн, судлаачид оролцсон уулзалт боллоо

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.12.04/ “МӨНХ-Шинэ хөдөөгийн сэргэлт” сэдвээр УИХ-ын гишүүд болон эрдэмтэн, судлаачид оролцсон уулзалтыг зохион байгууллаа.

Малчдад хөдөлмөрөөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх зорилго бүхий "Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо" хэмээх байгууллагыг байгуулах санаачлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард Баянхонгор, 11 дүгээр сард Хэнтий аймагт тус тус байгуулгаад байна.

УИХ-ын дарга өнөөдрийн уулзалтад “Мөнх-шинэ хөдөөгийн сэргэлт” сэдэвт илтгэл тавьж, өнгөрсөн 30 жилийн эдийн засгийн өөрчлөлт, дүгнэлттэй уялдуулан хөдөө аж ахуйн салбарын хөгжил, тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарц, гаргалгааг танилцууллаа.

“Монгол Улсын 305.1 мянган малчин 110.6 сая га бэлчээрт 71.1 сая толгой мал маллаж байна. Манай улсын нийт ажиллагсдын 49.7 хувь нь хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байна. 1990 онд 26 сая малтай байсан бол 2022 онд 71.2 сая толгой малтай болжээ. Гэвч малын тоо толгой өсөхийн хэрээр түүний ашиг шим буурч байна. Тухайлбал, хонины амьдын жин 1-2, үхрийн амьдын жин 30 кг тус тус буурснаас гадна сүүний болон махны гарц олон улсын төвшинтэй харьцуулахад эрс буурсан судалгаа байна гэх зэрэг хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудыг танилцуулав. Тэрбээр цааш нь манай орны нийт газар нутгийн 64 хувь нь талхлагдсан, 13 хувь цөлжжээ.

Малын үржүүлгийн төлөвлөлт алдагдаж, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортын хэмжээ эрс буурсан зэргээс гадна малчдын нийгмийн асуудал болон залгамж халааг бэлтгэх бодлого алдагдсан гэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” хэмээн заасан. Энэхүү заалтыг иш үндэс болгож, сумыг эдийн засгийн цогцолбор байдлаар хөгжүүлэхэд "Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо" хэмээх байгууллага чухал үүрэг гүйцэтгэх тухай танилцуулсан юм. Энэхүү холбоо нь бүх гишүүдийн хурал, хоршооны тэргүүлэгчид, дарга гэсэн удирдлагатай байх агаад худалдаа маркетинг, банк санхүү, даатгал, тээвэр холбоо гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар зохион байгуулагдаж байна. Мөн Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, малчид, үйлдвэрлэгчид гэсэн гурвалсан холбоо энэхүү “МӨНХ” /Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо/-ны цөм ажээ. Байгаль орчиндоо, малчдадаа ээлтэй, өндөр ашиг шимтэй мал аж ахуйг хөгжүүлэхэд МӨНХ холбооны зорилго оршиж байна.


Мөн уулзалтад Хөдөө, аж ахуйн их сургуулийн захирал Б.Баасансүх “Хөдөөгийн хөгжлийн тулгамдсан асуудал” сэдвээр, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн ахлах зөвлөх, судлаач Б.Үүрцайх “Мал аж ахуйн эрх зүйн зохицуулалт, гадаадын зарим орны харьцуулсан судалгаа” сэдвээр тус тус илтгэл тавив.

Уулзалтыг УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал даргалсан бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг, С.Батболд, Т.Энхтүвшин нар санал бодлоо илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ