Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2024,01,11/-ны өдрийн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төсөлд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглалыг сайжруулахаар гол өөрчлөлтүүдийг тусгасан тухай онцлов. Хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэг гурван удаагийн хэлэлцүүлэг хийж, олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр удаа зохион байгуулжээ. Эдгээр хэлэлцүүлгээс гарсан болон төрийн, төрийн бус байгууллагууд, зах зээлийн мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулагчдаас бичгээр ирүүлсэн нийт 300 гаруй саналын 90 орчим хувийг хүлээн авч хуулийн төсөлд тусгасныг Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар илтгэлдээ дурдсан юм.
Тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэх, урт хугацаат хөрөнгө оруулалт нэмэгдэх, улмаар хувийн хэвшлийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацаат санхүүжилт татах үйл явц хялбаршиж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол, санхүүгийн зах зээл дээрх мөнгөн урсгал нэмэгдэн улмаар татварын орлого нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтойг тэмдэглэв.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.