Ж.Батсуурь: Та нар газрын зургийг таван өөр өнгөөр ялгаж будсан, өөр зүйлд хуруугаа ч хөдөлгөөгүй шүү
УИХ-ын чуулганаар "Төрийн байгууллагуудын бүсчилэн байршуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батсуурь үг хэлэв.
Тэрбээр "УИХ-ын тогтоол бол батлагдаж л байдаг л даа. Гэхдээ энэ тогтоол бол арай л ядчихсан, гурилдсан тогтоол байна. Та нар ингэж болохгүй. 2001 оны 57 дугаар тогтоол 20 гаруй жил зургаан сонгуулиар хэрэгжээгүй зүйлийг гэнэт чуулган завсарлах гэж байхад нэн яаралтайгаар оруулж ирлээ. Энд үзэл баримтлал, бодлогын шинжтэй юу ч байхгүй. Хар үгээр хэлбэл, сая баталсан "Сонгуулийн бүсчилсэн тойрогт УИХ-ын гишүүдийг явуулах, түүний зардлыг ЗГ-аас гаргуулах" гэсэн удирдамж шиг л юм байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай холбоотой асуудлыг ингэж болохгүй. Та хэд арай дэндэж байна. Энд ямар ч төлөвлөсөн зүйл байхгүй, хоёрхон жишээ л байна.
МАН-ынхан Монгол Улсын газрын зургийг таван өөр өнгөөр ялгаж будсан, өөр зүйлд хуруугаа ч хөдөлгөөгүй шүү.
Ийм юм уншихаасаа ичдэггүй юм уу, С.Бямбацогт сайд аа. Би хариулт авахгүй. Худлаа гоё юм ярих гэж байгаа юм. Юун том нэр өгдөг юм бэ.
Хууль ч өнгөрч. Сонгуулийн сурталчилгаа хийх мөнгөө ЗГ-аас гаргуулж, удирдамжаа УИХ-аар батлуулж алийгаа алдах нь. Би асуухгүй шүү. Хаашаа юуг нүүлгэх гэж байгаа талаар бас л байхгүй" гэв.
М.Дэвээжаргал