МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
2024.01.16
Эдийн засаг, Худалдаа

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2024.01.15) хуралдаан гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр 14 цаг 17 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Ажлын хэсэг байгуулж, сонсгол зохион байгуулах бэлтгэл хангахаар шийдвэрлэв

Хуралдаанаар эхлээд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн, холбогдох Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа. Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, Т.Доржханд, Ч.Ундрам нар ажиллана.

Дараа нь “Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Ц.Цэрэнпунцаг дарга төслийн талаар хуралдаанд танилцуулж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооны дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 83.3 хувь нь “Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг дэмжсэн.

Энэхүү тогтоолоор Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах бэлтгэл хангаж, нэр дэвшигчийн дэлгэрэнгүй танилцуулга болон тус албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг тусгасан мэдээлэл авах маягтын загвар боловсруулахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцагт даалгажээ.

Түүнчлэн хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчийг санал болгож, тухайн албан тушаалтан томилогдох хүртэл хугацаанд холбогдох хуульд заасны дагуу Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайванаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр өнөөдрийн хуралдаан үргэлжиллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг. Энэ дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүдээс төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй юм. Иймд Ц.Цэрэнпунцаг гишүүн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргаж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 12 гишүүний 11 нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу зүйл бүрээр хэлэлцлээ. Гишүүдээс төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт, санал гараагүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.22-т “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасны дагуу Ц.Цэрэнпунцаг гишүүн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 91.7 хувь нь тус горимын саналыг дэмжсэн учир энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Тус тогтоолын төслийг Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Т.Доржханд, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нар ажилласан байна. Өнөөдрийн байдлаар Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гаргасан нийт хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани, 18.5 хувийг нь 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 486 аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна. Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш, хүртээмжтэй олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд эзэмшүүлэх, Монгол Улсын иргэдэд олгосон хувьцааг энгийн хувьцаанд бүртгэх шаардлага үүссэн талаар ажлын хэсгийн танилцуулгад дурдав.

Улсын Их Хурлын дээрх тогтоолын төсөл батлагдсанаар байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүр тэгш хүртэх боломжтой болох төдийгүй “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн үйл ажиллагаанд тавих иргэдийн хяналт, оролцоо нэмэгдэж, ил тод нээлттэй компанийн засаглал хөгжихөд ач холбогдолтой хэмээн Б.Баттөмөр гишүүн танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах” гэсэн 39 дүгээр зүйлийн 39.27-д “Байнгын хороо хэлэлцэж байгаа төсөл болон тухайн төслийн талаар гаргасан саналтай холбогдуулан тусгайлан судалгаа, үр нөлөөний үнэлгээ хийлгэсэн, эрх зүйн дүгнэлт гаргуулсан бол тэдгээрийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулна” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн талаарх эрх зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Засгийн газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооны “Эрх зүйн дүгнэлт гаргуулах тухай” шийдвэр, Улсын Их Хурлын Тамгын газарт ирүүлсэн холбогдох албан бичгийг үндэслэн энэхүү эрх зүйн дүгнэлтийг гаргасан гэлээ.

Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн үзэл баримтлалд тусгагдсан тус компанийн нийт хувьцааны 34 хувьд багтаан Монгол Улсын иргэдэд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх болон нас барсан иргэнийг хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасах тухай зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуульд заасан иргэний өмчлөх эрхийг хөндөж байгаа эсэх, иргэдэд эзэмшүүлэх 1072 хувьцаа эзэмшлийн зохицуулалт нь Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтуудад нийцэж байгаа эсэх талаар эрх зүйн дүгнэлт гаргасан байна. Улсын Их Хурлын дээрх төсөл нь Үндсэн хууль, бусад хуульд нийцэж буй эсэх, хэрэгжих боломжийн талаар болон хэлбэрийн болон хууль зүйн техникийн шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлтийг Н.Мягмар дарга дэлгэрэнгүй танилцуулсан.

““Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслөөр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх байгалийн баялгийн үр өгөөжөөс иргэн бүрд тэгш хүртээх боломжийг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зохицуулсан нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.", “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасантай, түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тоггоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолтой тус тус зөрчилдөж байна хэмээн дүгнэжээ.

Тогтоолын төслийн 1 дэх хэсгийн 3 дахь дэд заалтын “иргэн нас барсан, Монгол Улсын харьяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байхаар энэ тогтоолд заасан хувь хэмжээнд баггаан зохион байгуулах” гэсэн нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарпаж бопно” гэж, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар опж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх опговор, үнийг төлнө”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж, Иргэний хуулийн 103.1-д “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана.” гэж заасантай нийцэхгүй байна хэмээснийг Байнгын хорооны хуралдаанд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулав.

Ажлын хэсгийн танилцуулга болон эрх зүйн дээрх дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 2021, 2022 оны ногдол ашгийг иргэдэд олгох асуудлыг шийдвэрлэх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийлээд, ногдол ашиг тараах эсэхээр тодруулгыг хийсэн. Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн зохицуулалттай гэдгийг Б.Баттөмөр гишүүн дурдаад “Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа гэдэг мэдээлэлтэй байна. Тэгэхээр эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа ногдол ашиг тараах нөхцөл бүрдсэн гэж ойлгож байна” гэв. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудал Компанийн тухай хуулиар зохицуулна хэмээн ажлын хэсэг тайлбарлав. Тус компанийн ТУЗ хуулийн хугацаандаа хуралдаж, санхүүгийн тайлан аудитаар батлагдсаны дараа тодорхой шийдвэр гарах юм байна. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 онд ашигтай ажилласан, нөгөө талд нь хуримтлагдсан өр төлбөр өндөр байгааг мөн дуулгасан. Ногдол ашиг хуваарилсны дараа хөрөнгийн хэмжээ ямар харьцаатай байхыг хуульчилсан байдаг тул ирэх оны үйл ажиллагаа, мөнгөн урсгалын төлөвлөгөөтэй уялдуулж ТУЗ шийдвэр гаргана гэлээ.

Х.Ганхуяг гишүүн, энэ онд багтаан тараах ногдол ашгийн хувь хэмжээний талаар болон “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн өр, авлагын талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан. Компанийн 2023 оны санхүүгийн тайлан аудитлагдаагүй байгаа учраас ногдол ашгийн хувь хэмжээг хэлэх боломжгүй, харин хуримтлагдсан өр төлбөр 4 их наяд төгрөг орчим байгаа аж. Баялгийн сангийн хуулийн төслийн талаар болон энэ хүрээнд зохицуулах асуудлуудын талаарх байр сууриа Ч.Ундрам гишүүн илэрхийлсэн юм. Асуудлыг маш өргөн хүрээнд харж, холбогдох тооцоо судалгааг зөв хийж, өнөөдрийн иргэд төдийгүй ирээдүйн иргэдэд ч байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударгаар хуваарилах зарчмыг баримтлах ёстой гэдгийг Д.Батлут гишүүн хэлж байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэн томьёолсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

ШИНЭ МЭДЭЭ