Төсөв олон нийтийн оролцоотойгоор ил тод, хариуцлагатай, тогтвортой байх эрх зүйн орчин бүрдлээ
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, улмаар сайн засаглалыг бэхжүүлэхэд төсвийн бодлого зөв байх ёстой. Гэтэл манай улс 2012 оноос хойш сүүлийн 10 жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 13 удаагийн нэмэлт, өөрчлөлт, Төсвийн хүрээний мэдэгдэлд 30 удаагийн өөрчлөлт хийсэн нь төсвийн бодлого тогтворгүй, төсвийн тооцоолол бодитой бус байсныг илтгэж байна.
Энэ нөхцөл, байдлыг өөрчлөхөөр Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын нэр бүхий 20 гаруй гишүүд Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж 2023 оны намрын чуулганд өргөн барьсан.
Хуулийн төслийг 2023,01,17-ны өдөр өргөн мэдүүллээ
Улмаар тус хуулийн төсөл 2023 оны хаврын чуулганаар батлагдаж 2023,08,24-ны өдрөөс хэрэгжиж байна. Энэхүү өөрчлөлтөөр төсвийн ил тод байх, хариуцлагатай, тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байгаа.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөд:
- Төсвийн төлөвлөлтөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад үндэслэл болгон ашигладаг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг зөвхөн Засгийн газар дангаар бус УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулдаг байхаар хуульд тусгасан.
- Төсвийн төлөвлөлтийг буруу тооцоолж, төсвийг баталж, төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн зарцуулсан бол уг албан тушаалтанд хариуцлага тооцох
- Төсвийн тусгай шаардлагыг өөрчлөх, түдгэлзүүлэхтэй холбоотой аливаа шийдвэрийг гаргах бол Улсын Их Хурлын гишүүдийн хувьд өвчтэй, чөлөөтэй, гадаад, дотоод томилолттойгоос бусад тохиолдолд нийт гишүүдийн оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэдэг байхаар хуульд тусган баталсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Төсвийн тухай хуулийн шинэчлэл 08 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж байна. Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн ил тод байх, хариуцлагатай, тогтвортой байх эрх зүйн орчин бүрдсэн гэж үзэж байна. Мөн төсвийн төлөвлөлтөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулахад үндэслэл болгон ашигладаг макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалыг зөвхөн Засгийн газар дангаар бус УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулдаг байхаар хуульд тусгасан.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:
Төсвийн бодлого зөв байх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэтгэж, улмаар сайн засаглалыг бэхжүүлэхэд төсвийн шинэчлэлийн зорилго оршиж байна. Төсвийн шинэчлэлийн дараагийн алхам нь татварын бодлогын суурь шинэчлэл байх юм. УИХ-ын Төсвийн байнгын хороо ирэх 9 дүгээр сарын 15-ны дотор багтаж хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх Улсын Их Хурлын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулна. Мөн “2022 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжилтийг хангахад хяналт тавин, хамтран ажиллаж байна