МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төсвийн хуулийн шинэчлэлээр орлогыг зөв төлөвлөж, зардлыг эрэмбэлж, хөгжлийг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн
2024.02.08
Эдийн засаг, Худалдаа

Төсвийн хуулийн шинэчлэлээр орлогыг зөв төлөвлөж, зардлыг эрэмбэлж, хөгжлийг дэмжих эрх зүйн орчин бүрдсэн

Манай улсад ажил “зөв эхлээд буруу дуусдаг” хэрэгжилт, үр дүн муу байдаг дутагдал бий. Үүнийг давтаад байж болохгүй. Зөв төлөвлөж, шаардлагатай зохицуулалтуудыг зөв хийж, эцсийн үр дүнг үзэж байх л хэрэгтэй...

Төсвийн тухай хуулийн шинэчлэл, үр дүн, ач холбогдлын талаар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөртэй ярилцлаа.

УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Төсвийн тухай хууль батлагдсан. Таны хувьд энэ хуулийг батлахад нэлээн оролцоотой ажилласан гишүүний хувьд  дээрх хуулиар төсвийн ил тод байдал хэрхэн хангагдана гэж үзэж  байна вэ?

Улсын төсөв бол хөгжлийн баримт бичиг. Иймд жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл,Хөгжлийн төлөвлөгөө,улсын нэгдсэн  төсвийг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”хөтөлбөртэй уялдуулан,төлөвлөх ёстой л доо. Харамсалтай нь өнгөрсөн жилүүдийн төсвийг хөгжлийн болон мөнгөний бодлоготой уялдуулаагүй,урьд жилүүдийн алдаанаас сургамж авч зөв оновчтой төлөвлөж ирээгүй алдаа байлаа.

Харин Төсвийн тухай шинэ хуулиар хөгжлийг том зургаар харж,орлогыг зөв төлөвлөж,зардал,  хөрөнгө оруулалтыг эрэмбэлнэ. Мэдээж аймаг, сумуудад,эмнэлэг, сургууль, цэцэрлэг… зэрэг зайлшгүй шаардлагатай бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийгдэнэ. Монгол улсыг бүсчилж хөгжүүлэх бодлогын хүрээнд бүс нутгийн хөгжлийг дэмжих, эдийн засгийн өсөлтийг бий болгох асуудалд хөрөнгө оруулалтын бодлогыг чиглүүлнэ.

Мөн иргэд, олон нийтийн хяналтыг сайжруулах, тэд мэдээлэлтэй байх,ил тод байдлыг хангах үүднээс төсөв хүлээж авах хугацааг наашлуулсан. Энэ хугацаанд эрдэмтэн, судлаач, ард түмний саналыг авах боломж бүрдэнэ. Гадаад, дотоодын зээл,тусламжийг төсөвтэйгөө уялдуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх, талаар тодорхой зохицуулалтыг тусгаж өгснөөр өр зээлтэй холбоотой, үр ашиггүй зардлын цэгцлэх үндэс тавигдсан. Үндсэндээ энэ хуульд тодорхойгүй олон асуудлыг шийдэх зохицуулалт оруулж өгснөөр, хөгжил рүү харсан хөгжлийн баримт бичиг боловсруулах боломж бүрдсэн.

2025 оны төсвийг төсөвлөхөөс эхлээд энэ хуулийн үр дүн нь гарч эхэлнэ. Цаашдаа хуулийг ажил хэрэг болоход юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр:

Манай улсад ажил “зөв эхлээд буруу дуусдаг” хэрэгжилт, үр дүн муу байдаг дутагдал бий. Үүнийг давтаад байж болохгүй. Зөв төлөвлөж, шаардлагатай зохицуулалтуудыг зөв хийж, эцсийн үр дүнг үзэж байх л хэрэгтэй. Энэ хуульд хөгжлийг дэмжиж, үр ашиггүй зардлыг хэмнэж, алс хэтээ харсан бодлогыг бий болгох эрх зүйн үндсийг тавьсан. Хамгийн гол нь төсвөө зөв төлөвлөх,орлогын эх үүсвэрийг бүрэн дайчлах ёстой.

Манай улсад авах боломжтой, далд орлого асар их бий. Миний байнга ярьдаг "далд эдийн засаг" манай улсад маш өндөр хувьтай байдаг. Энэ асуудлын хойноос сүүлийн үед явж зарим үр дүн гарч байна. Цаашдаа хойноос нь биш, урьдаас харж холбогдох арга хэмжээг авч байх ёстой. Татварын бүтэц дотор хувь хүний орлогын албан татварын хэмжээ ихсэх тусам зөв чиглэл рүүгээ явж байна гэж харж болно. Манай улсын ДНБ-ны зонхилох хувийг иргэдийн худалдан авалт бүрдүүлдэг. Гэтэл  өнөөдөр манайд Хувь хүний орлогын албан татвар/ ХХОАТ/бага, худалдан авалт  өндөр байна гэдэг нь далд эдийн засаг байна л гэсэн үг.

Цаашдаа татварын бүтэц дэхь ХХОАТ-ыг нэмэгдүүлэх бодлого баримтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ажил эрхлэлтийг дэмжих гэсэн үг. Бид аливаа ажлыг тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх ёстой ч энэ ажил хангалттай хийгдэхгүй байна. Тухайлбал,Төсвийн төлөвлөлт хийхдээ,үр ашиг, бүтээмж, далд эдийн засаг, ДНБ-ний хэдэн хувь нь өрхийн худалдан авалтаас хамааралтай байгаа гэх мэт олон судалгаанууд хангалттай хийгдэггүй. Манайхаас маш их хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүн экспортод гарч байгаа ч үйл ажиллагааны болон үр ашгийн үзүүлэлт буюу маржинг тооцож гардаггүй.

Аливаа ажлын эцсийн үр дүнг үр ашгаар хэмждэг. Манайд ийм судалгаа тооцоолол төсвийн төлөвлөлт дээр байдаггүй. Иймд хаана, ямар ололт, алдаа байгааг судалгаан дээр үндэслэж, гаргаж төсвөө зохиох ёстой.

Үр дүнг дагаад бүтээмж яригдана. Үүнийг хэрхэн тооцоолох вэ?

Бүтээмж гэдэг нь эдийн засгийг маш чухал үзүүлэлт. Харамсалтай нь бид бараг ярьдаггүй, тооцдоггүй, зарим хүмүүс огт ойлгодоггүй. Манай улс цалин, тэтгэмжээ ирэх дөрөвдүгээр сард 10 хувь нэмэх гэж байна. Уг нь энэ нэмэгдлийг бүтээмжийн өсөлттэй уялдуулах ёстой. Гэтэл бүтээмж өсөөгүй, эдийн засгийн боломжгүй нэмэлт хийх нь инфляцыг өдөөнө. Өнгөрсөн 2020-2022 онд инфляцын өсөлтөөс 14,0 их наяд төгрөгийг иргэдийн халааснаас нэмээд суйлчихсан харамсалтай жишээ байна. Энэ нь ядуурлыг өсгөөд байна.Төсвийг төлөвлөхдөө энэ жил 21 ихнаядын орлого олж байгаа, ирэх жил 23 ихнаядын орлого олноо гэсэн тойм төсөөллөөр,төлөвлөж ирсэн.

Далд буй нөөцөө ерөөсөө ашиглаж чадахгүй байна. Далд эдийн засаг баян тарган, дунд амьдралтай иргэд дээр зонхилох хэсэг нь бий. Манай улсын хүн амын 40 гаруй хувь нь  ядуу, энд далд эдийн засаг байх боломжгүй, байсан ч маш бага хувийг эзэлнэ. Төсвийг үр дүнтэй боловсруулах нэг боломж бол байгаа боломжийг бүрэн ашиглаж, орлогын эх үүсвэрийг дайчилж, зарлагаа эрэмбэлэх  тооцоо судалгаанууд дээр үндэслэх эрх зүйн орчин бүрдсэн.

Монгол Улсын хөгжлийн загварын нэг болох Бүсчилсэн хөгжилд энэхүү төсвийн шинэчлэл ихээхэн нөлөөлөх нь ээ. Бүсчилсэн хөгжлийн чиг хандлагыг та хэрхэн харж байна вэ?

Өнөөдрийн байдлаар Бүсчилсэн хөгжлийн асуудал төсөөлөл, төлөвлөлт, санал авах байдлаар яригдаж байна. Бодлогоо зөв гаргаж, эдийн засгийн тооцоолол, хүмүүн болон эд баялгийн капиталыг сайн дайчилж, төрийн оновчтой зохицуулалтыг тухайн бүр зөв хийвэл хөгжил дэвшил ирнэ. Буруу хийж, бодлогын алдаа гарвал эцсийн үр дүн муу гарна.Үүнийг нарийн тооцоолох ёстой. Манай улсын хөгжлийн загварын бүтцэд бүсчилж хөгжүүлэх асуудал онцгой байр эзэлнэ.

ШИНЭ МЭДЭЭ